Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакын Трвана хотод эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөх эмэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо. Манай улсаас маргааш дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе. 50 кг: Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшигтгэлд Африкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын хошой аварга Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ.
Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.
55 кг: Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг аргалчихвал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.
68 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.
76 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг аргалчихвал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.
ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно.
Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/eve…/world-championships-31 линкээр үзэх боломжтой.