Гадны орнуудад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг хууран мэхэлж, хүний наймааны золиос болгох гэмт хэрэг гарсаар байна. Өвөр Монголд дөрвөн жил гаруй бэлгийн мөлжлөгт өртсөн 26 настай бүсгүй өнгөрсөн долдугаар сард эх орондоо ирсэн гэх мэдээлэл бий. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар хохирогч эмэгтэй гэрлэхээсээ өмнө хоёр жил гаруй бэлгийн мөлжлөгт орсон байсан бөгөөд монголд ирсэн даруйдаа “Хүйсийн тэгш эрх” төвд хандсанаас хойш холбоо бариагүй байна. Одоогоор түүний сэтгэл санааны байдал хүнд, бие давхар байж болзошгүй гэнэ.
Хохирогчдийн 95 хувь нь эцсийн мөчид очих хүртлээ өөрийгөө хүний наймааны хохирогч болсноо мэддэггүй байна. Сүүлийн хоёр жилд хүн худалдаалах 16 гэмт хэрэг гарсан боловч нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй аж. Хүний наймаа гэдэг нь зөвхөн биеэ үнэлэгчдээр хязгаарлагдахгүй бөгөөд албадан хөдөлмөр эрхлүүлж боолчлох, эд эрхтэнийг нь худалдаалахыг хэлдэг. Жилд энэ гэмт хэргийн хохирогч болсон 40-50 хүн “Хүйсийн тэгш эрх” төвд ханддаг байна. Үүний цаана хичнээн хүн бие махбодь, сэтгэл санаагаараа хохирсныг хэлж мэдэхгүй.
Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар сүүлийн жилүүдэд дотооддоо насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг бүлэг хүмүүс бий болчихсон гэнэ. Мөн хилийн чанадад 18-30 насныхныг аваачиж хүчээр биеийг үнэлүүлэх асуудал түгээмэл байгаа бөгөөд хөдөлмөрийн мөлжлөгийн асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг тус төвийн тэргүүн Г.Ганбаясах хэлсэн. Судалгаагаар тархцаар нь авч үзвэл Ази Номхон далайн оронд гурав, бусад оронд 1.8 хувь байдаг аж. Үүнээс харахад Монголд 6000-8000 хүн хүний наймааны хохирогч болсон байх магадлалтай юм байна. Хэрвээ ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол асуудлаа айж ичих бус хуулийн байгууллагад даруй хандах хэрэгтэй бөгөөд таны эргэн тойрны хэн нэгэн гэрээсээ яваад удчихсан, эсвэл хаашаа явсан нь мэдэгдэхгүй байвал та эргэж нэг хараад заавал шалгахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
1 comment
uhsenee hiij hujaga dagaj yanhandaj yavdag yum uhaan muutai huhhnuud hohchin, ochnoon tv geer anhaaruulaad baihad