Австрали улсад гүзээлзгэнээс болж иргэд эмнэлэгт хүргэгдсэн хэд хэдэн тохиолдол гарах болжээ. Дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй гүзээлзгэнээс зүү илрэх болсон байна. Зарим иргэн энэхүү амтат жимсэнд нуугдсан зүүг олж харснаа цахим орчинд нийтэлж бусдадаа сэрэмжлүүлэх болжээ. Өнгөрсөн долоо хоногт долоон иргэн зүү залгисан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан байна. Тиймээс жил бүр $93 саяын гүзээлзгэнэ зах зээлд борлуулдаг Күинсланд мужийн захиргаа хорлох ажиллагаа явуулж байгаа этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд $70,000-ын шагнал амласан байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал дээр Күинсланд мужийн захирагч Аннастасиа Палашчук “Хэн нэгэн эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг унагахыг зорихын хажуугаар гэр бүлүүд, хүүхэд нялхсыг эрсдэлд оруулж байна. Энэ бол байж боломгүй хэрэг. Би маш их бухимдаж байна” хэмээсэн юм. Күинсланд мужийн Гүзээлзгэнэ тариалагчдын Холбооныхон уг хэргийн цаана салбарт нь ажиллаж байгаад халагдсан хэн нэг ажилтан байх боломжтой гэж сэжиглэжээ. Гүзээлзгэнэд зүү нуусан этгээд баригдвал 10 хүртэл жил шоронд хоригдох шийтгэлтэйг Палашчук сэтгүүлчдэд ярьсан байна.
Дээрх хэргээс болж иргэд гүзээлзгэнээс татгалзах болж, фермерүүд их хэмжээний ургацаа борлуулж чадалгүй устгахад хүрээд байгаа гэнэ. Мөн гүзээлзгэний бөөний үнэ бараг хоёр дахин буураад байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Гүзээлзгэний ургац гарч, борлуулалт нэмэгддэг ид үед ийм хэрэг гарсан нь фермерүүдийн хохирлыг улам нэмэгдүүлж байгаа аж.
1 comment
эдийн засагын алуурчидын энгийн нэгэн нүүдэл