Чөлөөт бөхийн дэлхийн аварга, энэ цагийн шилдэг хүчтэй бөх П.Орхоныг допинг хэрэглэсэн гэдгийг Дэлхийн чөлөөт бөхийн холбоо зарлаж, мөн Азийн наадмаас авсан аваргын алтан медалийг нь хураасан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл гавьяат тамирчин маань ямар нэгэн тайлбар хийгээгүй өдий хүрэв. Түүнийг санаатай хорлосон гэх мэдээлэл ч хүчээ авсхийгээд намжив.
Хамгийн гол нь өөрийгөө хорлосон уу, эсвэл хэн хорлож “чадав” гэдэг нь анхаарал татсан хэвээрээ байгаа юм. Энэ асуудалд албаныхан болон гавьяат тамирчин, багш нар ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа нь цаг хожих гэсэн арга ч гэж хардаж буй. Харин дэлхийн аварга С.Батцэцэг түүнийг хорлож допинг өгсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд түймэр мэт ассан юм.
Тэрбээр сорилго барилдаанд ялагдсандаа шаралхаж П.Орхоныг хорлосон мэтээр олон нийтэд ойлгуулахыг оролдов. Ингээд хоёр өрсөлдөгчид хоорондоо өс хонзонтой хүмүүс болж таарав уу гэж таамаглахад хүргэсэн юм. Гэхдээ С.Батцэцэг гавьяатын хувьд П.Орхоныг хорлох ямар ч боломжгүй гэдгээ утсаар товчхон хэлж тайлбарлажээ. Тэрбээр “Азийн наадам болох үед би хөдөө байсан шүү дээ. Тиймээс надтай холбоотой гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Тэр допингийн асуудал надад ямар ч хамаагүй” гэжээ