Хотын дарга Су.Батболд энэ сарын 5-ны өдөр “Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна” гэлээ. Нийслэлийнхний зовлон болоод байгаа түгжрэлийг арилгах нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг далимдуулан төрийн, төсвийн их мөнгийг яаж зарцуулаад байна вэ гэдэг нь анхаарал татаж эхлээд байна.
Учир нь энэ ажилд зарцуулах 97 тэрбум төгрөг ямар нэг тендергүй “яваад” байгааг эх сурвалжууд яриад, мэдээлээд эхэлж байна. Бас тэр хавьд газартай 78 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг үнэд оруулах “ажиллагаа” явагдаж байна гэж үзэх хүн олон байгаа юм.
Хотын дарга асан Э.Бат-Үүл ч “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй.
Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой.
Утаа хөрсний бохирдлыг шийдэх гарц бол 216 мянган хашааны газрынхаа эзэдтэй нийлээд орон сууц барих асуудал. Миний санал бол гэр хороолол гэж ярихаа больё, 216 мянган гэр хороолол гэдэг бол хашааны газрын эзэд. Перугийн Ардчиллын хүрээлэнгээс 2004 онд 7.2 тэрбумын үнэтэй хөрөнгө дарчихсан байна гэдэг тооцооллыг гаргасан. Тэдэнтэй буюу 216 мянган газрын эзэдтэй хот түншлэх ёстой. Хоёр айлын хашааны газар дээр 20 айлын орон сууц, 10 айлын хашааны газарт 100 айлын орон сууц бариад өг. Илүү гарсныг иргэдэд өгье. Багш, эмч нарт орон сууц хэрэгтэй байна. Цэцэрлэг, сургуультай хотхон бариад өг, бид авъя гэдэг захиалагч байя гэдэг хамтын чөлөөт эдийн засгийн харилцаагаар ярих ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед үнэгүйдүүлж байна. Хашааны газрыг нь 1-2 өрөө, гурван өрөө орон сууцаар сольдог байсныг байрны урьдчилгаанд авна гэж доош хийж байна. Ингэж иргэдийг хохироож болохгүй шүү дээ” гээд байгаа.
Ер нь бол Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудал 2018 оны хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар оржээ. Засгийн газрын 10 дугаар хуралдааны тэмдэглэлд Хотын захиргааг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармагийн шинэ төв/-т шилжүүлэн байршуулахыг С.Батболдод даалгасан байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээ барьж байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд НИТХ-ын 37 дугаар тогтоол гарсан байна. Түүгээр Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлтийг хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг Су.Батболд даргад даалгажээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд ҮАБЗ-ийн хурлаар бас ярьжээ. ҮАБЗ-ийн 22/07 хуралдааны тэмдэглэлд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын захиргааг хотын төвөөс гаргах, Нийслэлийн дагуул хотууд, хотын шинэ дэд төвүүдийг төлөвлөх, Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүсэд хүн амыг суурьшуулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, дэд бүтцийг шийдвэрлэхийг ҮАБЗ-ийн гишүүд дэмжсэн тухай бичсэн байна.
2018 оны долдугаар сарын 9-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн 120 дугаар тогтоолоор Яармагт Хотын шинэ захиргааны цогцолбор байгуулах газрын байршлыг судлан тогтоож, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Хотын дарга Су.Батболдод үүрэг болгосон байна.
Ингээд л Хотын дарга Су.Батболд ханцуй шамлан ажиллаж эхэлжээ. Энэ хооронд Хотын дарга Су.Батболд ажиллаад л байсан байгаа юм. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр А/326 дугаар захирамж гаргаж, энэ ажилтай холбоотой таван ажлын хэсгийг байгуулжээ.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд энэ шийдвэрээс хамаагүй өмнө, 2018 оны дөрөвдүгээр сараас “Темпланд” гэдэг компани барилгын ажлаа эхэлчихсэн байсан нь хачирхалтай байдаг юм.
Албан ёсны ажил эхлүүлж болох шийд нь 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр буюу баяр наадмын өмнөхөн гарсан байхад шүү дээ.
Үүний дагуу байгуулагдсан Газрын байршил тогтоож, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хяналт тавих дэд ажлын хэсгийн ажилтай уялдуулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд газрын дарга Э.Анар 2018 оны тавдугаар сарын 10-нд Мэдээлэл авах тухай 02/1731 дугаартай албан бичгийг БОАЖЯ-нд илгэээжээ. Үүгээр Яармаг орчимд Хотын захиргааг аваачих гээд байгаа бүсийн 103 га орчим газар дахь иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршил, газрын зөрчилтэй, маргаантай эсэхийг “асуусан” байна.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр 10/3280 дугаартай албан бичгээр “Дээрх 103 га орчим талбайд газар ашиглах эрх авсан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг хүснэгтээр болон тоон хэлбэрээр хүргүүлж байна. Эдгээрээс 5.0 га талбай бүхий газартай нийт 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэсэн хариу явуулжээ.
Ингээд 2018 оны тавдугаар сарын 18-нд БОАЖЯ-наас ирүүлсэн дээрх мэдээллийн дагуу хамгийн том газартай буюу 5.0 га, түүнээс дээш хэмжээний эдэлбэр газартай “Эм Эм Зэт Жэй” ХХК, “Талст ширээт” ХХК, “Темпланд” ХХК-иудад Хамтран ажиллах урилга хүргүүлсэн байна. Нөгөөдүүл нь мэдээж хүлээж авна.
Улмаар 2018 онэы тавдугаар сарын 23-нд урилгын дагуу хүрэлцэн ирсэн “Талст ширээт” ХХК, “Темпланд” ХХК-ийн удирдлагуудтай Газрын байршил тогтоож, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хяналт тавих дэд ажлын хэсгийнхэн уулзаж Хамтран ажиллахыг зөвшөөрсөн бичгээ албан ёсоор ирүүлье гэж тохирцгоожээ. Ингээд “Темпланд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Лхагвадорж 2018 оны тавдугаар сарын 25-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Энэхүү ажилд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах өөрийн эзэмшлийн 40 000 м.кв газрыг Шинэ төвийн бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хувь нэмэр болгон оруулж байна” гэж бичээд явуулжээ. Ингэж “Темпланд” ХХК 40 000 м.кв газраа хандивласан байгаа юм.
Харин “Темпланд” ХХК нь БОАЖЯ-ны Газрын дарга Ч.Батсансарын 2015 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж, 2015/122 дугаар бүхий гэрчилгээгээр олгосон 9.51 га газрыг Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд аяалал жуулчлалын зорилгоор авсан байдаг байна.
Түүнчлэн хамгийн ноцтой нь энэ бүтээн байгуулалтын ажилд зарцуулах 97 тэрбум төгрөгийг ямар нэг тендергүйгээр, зөвхөн 5.0 га, түүнээс дээш газартай компанитай хамтран ажиллахаар шууд урилга хүргүүлсэн нь анхаарал татахаар байгаа юм.
Мөн дээрх нэр бүхий гурван компаниас гадна Яармагийн шинэ төвийн бүсэд 70 гаруй компани газар эзэмшдэг байгаа юм. Холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулсны дагуу тийш нь авто зам, дулаан, цэвэр бохирын шугам татах зэргээр дэд бүтцийн асуудлыг нь нийслэлийн төсвөөс шийдчихнэ. Тэгэхээр тэнд газартай 78 компани ямар ч зардалгүйгээр дэд бүтцээ шийдүүлчихнэ гэсэн үг. Шуудхан хэлэхэд, үүний ард “но”-той асуудал харагдаад байгаа юм.
Улс төрийн хүрээнд, МАН-ынхны дунд хэд хэдэн хүнийг энэ “ажиллагаа”-тай холбож яриад удаж байгааг энд дуулгая. Тодруулбал, Хотын дарга Су.Батболд, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нарыг оролцоотой байна гэх яриа байгаа юм. Дахин хэлэхэд Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, тэгээд улс төрийн хүрээнд ярьж байгаа хэрэг. Ордны яриа ортой гэх юм билээ. Шалгадаг газар нь шалгаад ирэхээр тодорхой болох биз ээ.
Ингэхээр тендергүйгээр яагаад 97 тэрбум төгрөгийг зарцуулж байна вэ. Бас Яармагт газартай ямар 78 иргэн, аж ахуйн нэгж байгаа вэ гэдэг асуудал үүсгэж мэдэхээр болоод ирлээ.
Ингэхээр Хотын дарга Су.Батболд Яармагийн шинэ төвийн 97 тэрбумыг яаж зарцуулж байгаагаа тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм.
1 comment
тэр нэгэн жил иргэдэд газар олгох гэнэ гэсэн яриа гарч баахан хүн өдөржин ажлаа алдан тэнд өнжиж билээ.гэтэл иргэдэд өгхгүй ташаа мэдээлэл гэж хэлээд тарааж байсан,гэтэл цаагуураа дарга нар хуваагаад авчихсан байна.