Б.АМАРТҮВШИН
Улсын хэмжээнд жилд дунджаар 15-17 мянга, нийслэлийн хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэсэн тоон үзүүлэлт бий. Харин энэ тоон баримтын ард тийм ч таатай биш бизнес цэцэглээд уджээ. Өөд болсон хүнээ нутаглуулахдаа монголчууд тогтсон нарийн зан үйлийг баримталдаг. Талийгаачийг сүүлчийн замд хүндэтгэлтэй үдэх гэсэн иргэдийн сэтгэл зүйг мөнгө олох арга зам болгож, тогтсон хэв маягийг эвдэж байгаа нь хөндөхгүй орхиж болохгүй сэдвийн нэг болчихоод байгаа юм.
Нийслэлийг тойрсон 10 гаруй газарт талийгаачийг хөдөөлүүлэх оршуулгын газрууд байршиж байгаа. Иргэд талийгаачаа нутаглуулах ёстой гэж үзсэн зүг чигт тохируулж дээрх газруудаас сонгон авдаг. Тэдний нэг нь Жирмийн цагаан нуур орчмын оршуулгын газар. Улаанбаатараас баруун аймгийг чиглэсэн төв замаар 52 километр яваад, чанх хойш салсан шороон замаар долоон километр явж тус оршуулгын газарт очно. Энэ богинохон зам жилийн дөрвөн улирлын турш ачаалалтай байдаг. Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын зааг дээр байх энэ оршуулгын газар улам тэлсээр улсын баяр наадмын хурдны морь гарааны газарт хүрсэн байна. Морьд эргэхэд шарилын цуваа хөндөлсөх болсон нь уяачид төдийгүй наадамчин олны сэтгэлийг сэртхийлгэх болжээ. Учир нь оршуулгын газар руу салсан салаа замаар хоёр километр орчим яваад
Улсын баяр наадмын азарга, их нас, соёолон насны гарааны зурхайтай таарна. Хурдан морины гарааны зурхай оршуулгын газрын энэ замаас ердөө 100-150 метрийн зайтай бий.
Баяр наадмын өглөө морины гарааны зурхайд хурдны морь үүрсэж, уяачид, унаач хүүхдүүд бужигнаж байхтай зэрэгцэн төв замаас оршуулгын цуваа хэд хэдээрээ орж ирдэг байна. Оршуулгын цуваа, хурдны морь эргэх торгон агшин хоёр энэ зам дээр ингэж огтлолцдог нь уяачдын болон наадамчдын санааг зовоодог асуудлын нэг болчихоод байгаа юм. Жилийн жилд хурдны морины хүүхэд унаж бэртдэг нь талийгаачийг хөдөөлүүлэх жим, хурдан морины гараа хоёр зэрэгцэж байгаатай холбоотой гэж сэжиглэдэг байна.
Харин орон нутгийнхан “Жирмийн цагаан нуурын хойд энгэрт хоёр жилийн өмнөөс хүн тавьдаг болсон. Долоо хоногийн 1, 3, 5 өдөр үргэлж оршуулга явдаг. Сүүлийн жилд огцом нэмэгдсэн. Нэмэгдсэн төдийгүй морь гарааны зурхай руу шарилын газар улам тэлж байна. Энэ хэвээрээ байх юм бол ирэх зуны төрийн наадмын хурдны морьд хүмүүсийн шарил дундаас хөдлөх нь. Заримдаа тэр хавьд хүн ил тавьчихсан байна ч гэж дуулддаг. Зуны цагт бүр хэцүү. Нас барсан хүмүүс наранд хөөж, шөрмөс нь татаад босоод ирнэ. Хүүхдүүд хонь малд явж байгаад айж ичих вий гэж болгоомжлоод тэр зүг рүү хонь, малаа бэлчээдэггүй”гэдгийг ярьж байна. Хурдны морины гарааг огтлон гарч ирдэг шарилын цуваа монгол ёсоо бодсон хэний ч сэтгэлийг эмзэглүүлмээр.
Нийслэлийн хэмжээнд 11 байршлын 700 гаруй га газарт оршуулгын газар байршуулж байна. Гэхдээ дээрх 11 байршлын зургаа нь газрын нөөцгүй болсон учраас оршуулга хийхийг хориглосон байдаг. Жирмийн цагаан нуурын тухайд орон нутгийнхан оршуулга нэмж хийлгэхгүй байх асуудлыг тавиад ч болиулж чадахгүй өдий хүрчээ. Энэ газарт өнөөдөр “Суварга буян”, “Буман буян” гэдэг компаниуд захиалга авч хүн оршуулдаг юм байна.
Үүнээс гадна буяны үйлчилгээ явуулдаг гэх компаниуд “Багцын үйлчилгээ” нэртэй үнийн санал гарган ирж, ажил явдал гарсан иргэдийн халаасыг тэмтрээд удаж байна. Нийслэлийг тойрсон оршуулгын газруудын үйл ажиллагааг эргэж нэг хараад, ядаж л монгол ёсоо бодоод, хурдны морь эргэх замын огтолж байдаг Жирмийн цагаан нуур орчимд оршуулгын зан үйл явуулахгүй байх арга хэмжээ авч болдоггүй хэрэг үү. Хурдны морины хүүхэд олноороо унаж бэртдэг нь санамсаргүй хэрэг биш гэсэн уяачдын, мөн моринд дуртай монгол түмэн, наадамчдын болгоомжлолыг бодох нь зөв байх. Монголчууд хэзээнээсээ сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэдэг дээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
1 comment
HURDNII MORIO L BOLICHIH.TGVL ASUUDAL UUSEHGUI