Одоогоос дөрвөн сарын өмнө, энэ сэдвийг хөндөж байлаа. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж, тэнд нийслэлийн төр захиргааны байгууллагыг төвлөрүүлнэ гэж Су.Батболд хотын дарга болоод л ярьж эхэлсэн. 2018 он гарсаар үе үехэн мэдээлэл хийж “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ” л гэдэг байв. Гэтэл тэр нүсэр ажлыг хэн, яаж хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан юм.
Тийм болохоор бид сурвалжилсаар тавдугаар сарын сүүлчээр Яармагт очиж, Хотын захиргааны шинэ буурийг эргэсэн. Гэтэл тэр үед ямар ч тендер зөвшөөрөл яригдаагүй байхад барилгын ажил нь аль хэдийнэ эхэлчихсэн байсан юм. Ингэж шүүмжилснийхээ төлөө Хотын захиргааныхнаас ширүүн үг багагүй сонсч байлаа.
Тэгвэл Су.Батболд дарга энэ сарын 5-ны өдөр хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Яармагийн ажлын талаар дэлгэрэнгүй ярив. Тэрбээр “Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байдал арилна” гэлээ.
Хотын даргын хэлж байгаагаас харахад, Яармаг дахь шинэ төвийнх нь ажил аль хэдийнэ цэгцэрчихжээ. Гэхдээ ямар компани, аж ахуйн нэгж тэр бүтээн байгуулалтыг хийж байна вэ гэдгийг тэр ярьсангүй.
Харин эх сурвалжуудын мэдээллээр, Хотын даргын “Нүүлгэнэ” гэж хэлсэнчлэн энэ ажил нийслэл, бүр Засгийн газрын түвшинд явагдаад байсан байгаа юм. Тухайлбал, энэ асуудал 2018 оны хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар оржээ. Засгийн газрын 10 дугаар хуралдааны тэмдэглэлд Хотын захиргааг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармагийн шинэ төв/-т шилжүүлэн байршуулахыг С.Батболдод даалгасан байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээ барьж байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд НИТХ-ын 37 дугаар тогтоол гарсан байна. Түүгээр Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлтийг хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг Су.Батболд даргад даалгажээ.
2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд ҮАБЗ-ийн хурлаар бас ярьжээ. ҮАБЗ-ийн 22/07 хуралдааны тэмдэглэлд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын захиргааг хотын төвөөс гаргах, Нийслэлийн дагуул хотууд, хотын шинэ дэд төвүүдийг төлөвлөх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүсэд хүн амыг суурьшуулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, дэд бүтцийг шийдвэрлэхийг ҮАБЗ-ийн гишүүд дэмжсэн тухай бичсэн байна.
2018 оны долдугаар сарын 9-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн 120 дугаар тогтоолоор Яармагт Хотын шинэ захиргааны цогцолбор байгуулах газрын байршлыг судлан тогтоож, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Хотын дарга Су.Батболдод үүрэг болгосон байна.
Ингээд Хотын дарга Су.Батболд ханцуй шамлан ажиллаж эхэлжээ. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд энэ шийдвэрээс хамаагүй өмнө, 2018 оны дөрөвдүгээр сараас “Темпланд” гэдэг компани барилгын ажлаа эхэлчихсэн байсныг бид очиж, сурвалжилсан юм. Харин албан ёсны ажил эхлүүлж болох шийд нь 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр буюу баяр наадмын өмнөхөн гарсан байна. Энэ хугацаанд Хотын дарга Су.Батболд ажиллаад л байсан байгаа юм. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр А/326 дугаар захирамж гаргаж, энэ ажилтай холбоотой таван ажлын хэсгийг байгуулжээ.
Үүний дагуу байгуулагдсан газрын байршил тогтоож, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хяналт тавих дэд ажлын хэсгийн ажилтай уялдуулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд газрын дарга Э.Анар 2018 оны тавдугаар сарын 10-нд Мэдээлэл авах тухай 02/1731 дугаартай албан бичгийг БОАЖЯ-нд илгээжээ. Үүгээр Яармаг орчимд Хотын захиргааг аваачих гээд байгаа бүсийн 103 га орчим газар дахь иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ, байршил, газрын зөрчилтэй, маргаантай эсэхийг “асуусан” байна.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр 10/3280 дугаартай албан бичгээр “Дээрх 103 га орчим талбайд газар ашиглах эрх авсан иргэн аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг хүснэгтээр болон тоон хэлбэрээр хүргүүлж байна. Эдгээрээс 5.0 га талбай бүхий газартай нийт 8 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэсэн хариу явуулжээ.
Ингээд 2018 оны тавдугаар сарын 18-нд БОАЖЯ-наас ирүүлсэн дээрх мэдээллийн дагуу хамгийн том газартай буюу 5.0 га, түүнээс дээш хэмжээний эдэлбэр газартай “Эм Эм Зэт Жэй” ХХК, “Талст ширээт” ХХК, “Темпланд” ХХК-иудад Хамтран ажиллах урилга хүргүүлсэн байна. Нөгөөдүүл нь мэдээж хүлээж авна.
Улмаар 2018 оны тавдугаар сарын 23-нд урилгын дагуу хүрэлцэн ирсэн “Талст ширээт” ХХК, “Темпланд” ХХК-ийн удирдлагуудтай Газрын байршил тогтоож, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хяналт тавих дэд ажлын хэсгийнхэн уулзаж Хамтран ажиллахыг зөвшөөрсөн бичгээ албан ёсоор ирүүлье гэж тохирцгоожээ. Ингээд “Темпланд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Лхагвадорж 2018 оны тавдугаар сарын 25-нд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Энэхүү ажилд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд Хан-Уул дүүргийн IV дүгээр хороо, Арцатын аманд байрлах өөрийн эзэмшлийн 40 000 м.кв газрыг Шинэ төвийн бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хувь нэмэр болгон оруулж байна” гэж бичээд явуулжээ. Ингэж “Темпланд” ХХК 40 000 м.кв газраа хандивласан байгаа юм.
Харин “Темпланд” ХХК нь БОАЖЯ-ны Газрын дарга Ч.Батсансарын 2015 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурж, 2015/122 дугаар бүхий гэрчилгээгээр олгосон 9.51 га газрыг Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд аялал жуулчлалын зорилгоор авсан байдаг байна.
Энэхүү мэдээллийн мөрөөр бид сурвалжилж явсаар хэд хэдэн эргэлзээтэй асуудал байгааг олж мэдсэн юм. Энэ бүтээн байгуулалтын ажилд зарцуулах 97 тэрбум төгрөгийн асуудал бий. Гэтэл ямар нэг тендергүйгээр, зөвхөн 5.0 га, түүнээс дээш газартай компанитай хамтран ажиллахаар шууд урилга хүргүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.
Мөн дээрх нэр бүхий гурван компаниас гадна Яармагийн шинэ төвийн бүсэд 80 гаруй компани газар эзэмшин “орж ирсэн” байгаа юм. Холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулсны дагуу тийш нь авто зам, дулаан, цэвэр бохирын шугам татах зэргээр дэд бүтцийн асуудлыг нь нийслэлийн төсвөөс шийдчихнэ. Тэгэхээр тэнд газартай 87 компани ямар ч зардалгүйгээр дэд бүтцээ шийдүүлчихэж байгаа юм.
Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл тов тодорхой хэлээд өгчээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна. Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй. Нүхтийн аманд баахан арын хаалгатай хүмүүс газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна. Үүнийг зогсоох ёстой. Утаа хөрсний бохирдлыг шийдэх гарц бол 216 мянган хашааны газрынхаа эзэдтэй нийлээд орон сууц барих. Миний санал бол гэр хороолол гэж ярихаа больё, 216 мянган гэр хороолол гэдэг бол хашааны газрын эзэд. Перугийн Ардчиллын хүрээлэнгээс 2004 онд 7.2 тэрбумын үнэтэй хөрөнгө дарчихсан байна гэдэг тооцооллыг гаргасан. Тэдэнтэй буюу 216 мянган газрын эзэдтэй хот түншлэх ёстой. Хоёр айлын хашааны газар дээр 20 айлын орон сууц, 10 айлын хашааны газарт 100 айлын орон сууц бариад өг. Илүү гарсныг иргэдэд өгье. Багш, эмч нарт орон сууц хэрэгтэй байна. Цэцэрлэг, сургуультай хотхон бариад өг, бид авъя гэдэг захиалагч байя гэдэг хамтын чөлөөт эдийн засгийн харилцаагаар ярих ёстой. Харамсалтай нь, сүүлийн үед үнэгүйдүүлж байна. Хашааны газрыг нь 1-2 өрөө, гурван өрөө орон сууцаар сольдог байсныг байрны урьдчилгаанд авна гэж доош хийж байна. Ингэж иргэдийг хохироож болохгүй шүү дээ” гэв.
Эндээс харахад, үүний цаана зарим нэг хүний томоохон эрх ашиг явж байна гэж хардахаар байгаа юм. Улс төрийн хүрээнд, МАН-ынхны дунд хэд хэдэн хүнийг энэ “ажиллагаа”-тай холбож яриад удаж байгааг энд дуулгая. Тодруулбал, Хотын дарга Су.Батболд, Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нарыг оролцоотой байна гэх яриа байгаа юм. Дахин хэлэхэд, Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, тэгээд улс төрийн хүрээнд ярьж байгаа хэрэг. Ордны яриа ортой гэх юм билээ. Шалгадаг газар нь шалгаж, хянадаг газар нь хянаад ирэхээр тодорхой болох биз ээ.
Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх энэ ажлын 97 тэрбум төгрөгийг ямар нэг тендергүйгээр ийнхүү “зохицуулчихаж” байна. Уг нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж манайд хангалттай хийгдсэн байдаг. Зарим нэг дарга хоёр ширхэг сандал тендергүйгээр авсан гээд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа жишээг бид мэднэ. Гэтэл 97 тэрбум төгрөгийн өртөгтэй бүхэл бүтэн цогцолборын ажил ингэж явагдана гэж байх уу?
Б.ЭРХЭС