Монголын нутаг дахь эртний бичгийн дурсгалуудыг илрүүлэх, судлах, утгыг тайлах “Бичээс” төслийг Монгол, Японы судлаачид 1994 оноос эхэлсэн байдаг. Судалгааны багийнхан Чингис хаан Хархорин хотыг байгуулах тухай 1220 онд гаргасан зарлигийг тэмдэглэсэн хөшөөний эмтэрч, хугарсан хэсгүүдийг илрүүлжээ.
Эл төслийн хүрээнд ихэнх аймаг, нутгаар явж, монгол, перс, араб, нанхиад хэлээр бичсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээсийг өнгөрсөн хугацаанд судалжээ.Сонирхуулахад дэлхийн хамгийн эртнийх байж болзошгүй хадны бичээсийг Дундговь аймгийн Хүрэнхайрхан уулаас олсон аж. Тус хаданд цавчиж сийлсэн нанхиад бичээс манай тооллын 89 онд буюу 1929 жилийн өмнөх үед хамаарахыг судалгаагаар тогтоосон байна.