Баянзүрх дүүргийн харьяа, Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хөндлөвч төмөр байнга унадаг байсан талаар талбай дээр тоглодог хүүхдүүд, оршин суугчид ярьж байсан юм.
Хэрэг гарсны дараа тус сургуулийн захирлыг салбарын сайд тухайн үед ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч, 79 дүгээр сургуулийн тоглоомын талбайнаас гадна сургууль болон нийтийн амралт, зугаалгын газарт байрлах тоглоомын талбайд Хотын даргын захирамжаар шалгалт хийсэн. Азийн хөлбөмбөгийн холбооноос хүүгийн амиа алдсан сургуулийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгөх хүсэлтээ Хотын дарга С.Батболдтой уулзах үедээ хэлж байсан юм. Тэгвэл өчигдөр Монголын үндэсний хөлбөмбөгийн холбоо тус тоглоомын талбайг стандартын дагуу тохижуулж, талийгаач хүүгийн нэрэмжит болгох саналыг холбогдох газарт нь хүргүүлжээ.