Өрх гэрийн ноён нурууг нөхөр үүрч, эхнэр өнгө оруулж хүүхэд аз жаргал нэмснээр жинхэнэ төгс гэр бүлийг нийгэмд цогцлоодог.
Манай улсад өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг гэх судалгаа бий. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна.
Гэр бүл болгон өөрийн гэсэн аз жаргалтай. Орой ажлаа тараад үр хүүхэд, хань ижлээ бодон гэрийн зүг яарч байгаа нь өөрөө аз жаргал. Гэхдээ залуу хосуудад ам мурийж үл ойлголцох ээдрээтэй асуудал олон бий. Эл асуудлыг зөвөөр шийдэх арга зам бол нэгэндээ цаг зав гаргаж ярилцах нь чухал.
Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ л бодож энэ бүхнийг тэвчиж амьдарч байгаагаа нуудаггүй. Гэр бүл салж сарнихад хамгийн том хохирогч нь хүүхэд. Хүүхэд бол гэр бүлийн амьдралын утга учир. Тийм ч учраас бид тэдний төлөө амьдарч, тэднийхээ инээмсэглэлд ядарснаа ч мартдаг.
Гэтэл сүүлийн үед гэр бүл салалтад хамгийн ихээр нөлөөлж буй гол хүчин зүйл архидалт, хардалт, ажилгүйдэл гээд тоочоод барашгүй. Аав ээжүүд тэр бүр хүүхдэдээ цаг зав гаргах боломжгүй болсон гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийж хоорондын харилцааг хөндийрүүлэх нэг шалтгаан болсон тухай Сэтгэл зүйч Н.Түвшинжаргал хэлж байна.
Гэр бүлийн маргааныг залуу хосууд хаана хандахаа мэддэггүй. Ингээд дотнын найз нөхдөөсөө зөвлөгөө авч ярилцдаг. Гэхдээ ихэнх найзууд асуудалд ул суурьтай хандахаасаа илүү сэтгэл хөдлөлөөр түүнийг “эхнэр, нөхөр”-өөсөө салахыг зөвлөдөг. Тухайлбал “Амьдрал баялаг шүү дээ. Чи наадахаасаа салаад юу ч алдахгүй” гэх мэтээр тайвшруулдаг.
Харин мэргэжлийн хүрээнд зөвлөгөө өгөх сэтгэлзүйчийг зорьж очоод амьдралынхаа нарийн ширийн асуудлыг илэн далангуй ярих хүн тийм ч олон биш.
Гэр бүлийн тогтворгүй харилцаа хүүхдэд айдас, түгшүүр бий болгодог байна. Ийм байдалд орсон хүүхэд юмнаас айж цочимтгой болж, орондоо шээх зэрэг үзэгдэл ажиглагддаг тухай мэргэжлийн сэтгэлзүйч хэлж байв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүлд чиглэсэн “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 9 дүүргийн 40 мянган өрхөөс судалгаа авч шилжин суурьшсан гэр бүл, түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн гишүүнтэй, архины хамааралтай, хүчирхийлэлтэй гэх зэрэг 8100 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрийг бий болгохоор ажиллаж байна.
Энэхүү туршилтын хөтөлбөрийн хүрээнд “Гэрээр айлчлагч” бэлтгэх 24 цагийн сургалтыг зохион байгуулж, 80 сургагч багшаар дамжуулан 346 гэрээр айлчлагч бэлтгэсэн байна.
Мөн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1620 өрхөөс гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дагуу зайлшгүй сэтгэлзүйн үйлчилгээ авах 18 гэр бүлд харилцааны эерэг хэлбэрүүдийг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хямрал, гутралыг багасгах, сөрөг зан үйлээ эерэгээр удирдах дадал эзэмшүүлэх үйлчилгээг гэр бүл залуучуудын хөгжлийн газрын нэг давхарт байрлах “Шидэт толь” өрөөнд нэг сарын турш зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эхлүүллээ.
Энэ үйлчилгээний талаар Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй цөөн хором ярилцлаа.
-Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 18 гэр бүлтэй харилцахад юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
Энэ хөтөлбөрт хамрагдсан 18 гэр бүлээ хоёр сэтгэлзүйчиддээ хуваагаад нэг сарын турш зөвөлгөө өгч ажиллана. Нэг хүний нэг зуршлыг өөрчлөхийн тулд хамгийн багадаа 45 хоног шаардлагатай.
Нэг сарын хугацаанд 9 дүүргийн сэтгэлзүйчдэд заавар зөвөлгөө өгч ажиллах юм. Одоогийн байдлаар сонгогдсон гэр бүлүүдтэйгээ танилцуулгүй байна. Ингээд гэр бүлийнхээ аль гишүүнтэй нь уулзах вэ гэдэг бас чухал. Тэр хүн нь ямар харилцааны асуудалтай гэдгийг уулзасны дараа тодорхой болно.
Өмнө нь гэр бүлд зөвлөгөө өгч байхад гэр бүл салаад байгаа шалтгаан нь юунд байна гэж үзэж байна?
Монгол гэр бүлд анзаарагдаад байгаа зүйл нь хүн өвчин нь хүндрээд хэвтэрт ороод ирэхээр эмнэлэг барааддаг шиг гэр бүл салалтын ирмэг дээр ирэхээр сэтгэлзүйчдэд ханддаг. Гэр бүл дээр тохиолдож байгаа нэг асуудал эмэгтэйчүүд стрессээ гадашлуулж чаддаггүй. Ялангуяа залуу гэр бүлийн хувьд эрт амьдрал зохиосноос болж сэтгэл санааны хямралаа давж чаддаггүй. Бусад орны жишгээр 35 насандаа гэр бүл зохиодог.
Сэтгэл гутрал, хямралаас яаж гарах вэ?
Сэтгэл гутрал гэдэг ханиад хүрээд эдгэхтэй адил нийгэмд тулгамдсан асуудал. Ихэвчлэн хэт таргалах юм уу, ажлаас гэнэт халагдах зэрэг үед сэтгэл гутралд өртдөг. Мөн ойрхон хугацаагаар олон дараалж төрөх нь эмэгтэйчүүдийг сэтгэл гутралд оруулдаг. Тухайлбал нийгмийн харилцаанаас хөндийрч өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр бодож эхэлдэг.
Ингээд уг төсөлд хамрагдсан СХД-ийн 17-р хорооны иргэн Ц.Ивгээлтөр хэлэхдээ “Би хоёр бага насны хүүхэдтэй. Заримдаа энэ амьдралдаа бухимдах үе их гардаг. Эхнэртэйгээ ярилцаад одоогоосгурван сарын өмнө сэтгэлзүйчид хандаж эхэлсэн.
Энэ хугацаанд бидний харьцаа илүү эрүүл болж аливаа асуудлыг илүү нухацтай шийдэж чаддаг болсон. Залуу гэр бүлийнхэнд хандаж хэлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүсийг зориорой. Илүү үр дүни гарна гэж хэлмээр байна.
Гэр бүлийн харилцааны талаар иргэд ийм байр суурьтай байна.
Миний бодлоор гэр бүлийн тогтвортой харилцааг дан ганц хүүхэд биш санагддаг. Хүүхэд гэp бүлийг тогтвортой байлгахад нөлөөлж чадах байсан бол өнөөдрийн энэ олон гэp бүлийн салалт байх байсан гэж үү. Үгүй л болов уу?.
Яахав тодорхой хугацаанд тогтоож бол чаддаг. Мэдээж эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамтдаа санаа тавих үүрэгтэй болохоор гэp бүлийн асуудлаа эерэгээр шийдвэрлэх гэж оролддог. Жилээс жилд гэр бүл салалт нэмэгдээд байхаас буурч байна гэж би лав сонсоогүй.
Өнгөрөгч онд гэр бүлийн тухай хууль шинэчилсэн найруулга батлагдсан боловч буцаагдаж хүчингүй болсон. Энэхүү шинэчилсэн найруулгад гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна хүүхдийн эрх, гэр бүлд эзлэх байр суурь, ургийн бичиг, хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах гэх мэт эдийн засгийн асуудлыг нарийн зааж тусгасан.