Ес дэх удаагийн “Япон соёлын наадам-2018” энэ сарын 15, 16-нд Сүхбаатарын талбайд болно. Энэ үйл ажиллагааг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна.
Тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах Японы нэг өдөр” уриан дор болох юм. Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болно.
Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно. Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлаг тоглолтоо сонирхуулах бөгөөд японы үндэсний хувцас болох кимоног үзэж сонирхох, зураг авахуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Мөн Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах боломжтой гэнэ.