Эд хөрөнгө, эрхэм баялагтай зүйрлэшгүй хүн төрөлхтөнд хамгийн их хэрэгцээтэй зүйл ус гэдэгтэй хэн ч маргахгүй. Ахуй амьдралаа дээшлүүлж, үр хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөхөөр нийслэл хотыг зорих иргэдийн тоо жилээс жилд өссөөр өнөөдөр хоёр сая хол давчихсан. Энэ хэрээр Улаанбаатар хотод цэвэр усны хэрэглээ нэмэгдэх нь зүйн хэрэг.
Нийслэлийн хүн амыг цэвэр усаар хангах энэхүү үүргийг Ус Сувгийн Удирдах Газар хариуцан ажилладаг. Гэтэл олон ч жил хэл ам таталж буй асуудал бол ус.Олон жилийн наслалттай барилга байтугай баригдаад ганц хоёр жил болсон хирнээ оршин суугчид нь зэвтэй, зэгэл шар усаар ундаалах болсон. Уух байтугай аяга угаахад бэрх болсон тухайгаа хаана хандахаа мэдэхгүй иргэд цахим ертөнцөөр нэгэндээ гомдолно.
“Ус зэвтэй гарч байна” гэсэн асуудал дэгдэхэд орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд нь “Нийслэлийн цэвэр усны шугам хоолой өндөр насжилттай, маш муу. Бүхэлд нь засвар шинэчлэл хийх боломжгүй учраас яах ч аргагүй” гэдэг. Харин үүнд хяналт тавих чиг үүрэгтэй хүмүүс нь “Усанд зэв байх нь хэвийн зүйл. Стандарт хэтрээгүй бол яах ч үгүй” гэж хүлээн зөвшөөрч сууна. Зарим судлаач бүр “Зэвтэй усаар дамжуулж, зарим хүн биед агуулагдах төмрийн хэрэглээгээ хангадаг” гэсэн хошин шог шиг зүйл ярих юм.
Жаран жилийн наслалттай шугам сүлжээ өнөөдрийн байдлаар элэгдэлд орж, хуучирч муудсанаар иргэд зэвтэй ус уух болсон. Харин энэ асуудлаар олон жил ярьсны эцэст өнөөдөр “Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох” төслийн нээлт боллоо. Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган нийлүүлсэн.
Манай ихэнх цэвэр, бохир усны шугамын хоолой ихэнх засмал зам доогуур явдаг. Иймээс зам харгуйгаа хөндөж ухахгүйгээр худгаас худгийн хооронд доторлох арга хэмжээ авч байгаа. Ингэснээр төсөв мөнгө хэмнэж чадаж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн онцоллоо.
Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Өдгөө манайд ус хангамж, ариутгал татуургийн 856,5 км сүлжээ бий. Нийслэлийн хэмжээнд 619 км шугам сүлжээ байдгаас 310 км ган, 18 км шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байна.
Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай 55 жилийн өмнө тавигдсан 1,7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг төслийн давуу тал нь зам талбайг гэмтээж хөндөлгүй газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас цаг хугацааг хэмнэж илүү зардлыг гарахгүй юм.
Бидний хэрэглэж байгаа ус маш урт зам туулдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гүнээс олборлосон усыг ариутгах гэж хлоржуулдаг. Цоргоны усыг шууд тосоод харахад тунгалаг, цэвэр юм шиг харагддаг ч шинжлээд үзэхэд механик хольц, DBP буюу хлоржуулалтаар үүссэн дайвар бүтээгдэхүүний найрлагатай байдаг.
Гэр хорооллынхон ч ялгаагүй ийм хэмжээний бохирдолтой ус хэрэглэдэг. Дотроо зэвтэй Турбо хоолойгоор ирсэн хатуулагтай ус уусаар байгаа монгол хоёр хүний нэг нь цөсөө авахуулдаг.
Төслийн нээлтийн үеэр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, шугам сүлжээг цэвэрлэх ажилд шинэ техник технологийг нэвтрүүлж байгаагаараа энэ төслийн онцлог оршиж байна. Зун бүр гудамж, замыг ухаж, сэтэлж иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээрээ зун бүрт суваг, шуудуу ухаж дэд бүтцээ эвдэхгүй байх боломжтой болж байна. Мөн зарим орон сууцны хорооллын ундны ус зэвтэй гарч байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр ундны усыг эх үүсвэрээсээ хэрэглэгчид хүртэл ямар нэгэн завсрын бохирдолгүйгээр хүргэх бололцоотой. Цаашдаа бид орон сууцны хороолол дундах шугамыг стандартад нийцсэн цайрсан, ган шугам ашиглуулах шаардлагатай байгаа” гэв.
1 comment
МАН овоо ганц харэгтэй юм хийжээ