Д.Отгонжаргал
Монголын эрүүл мэнд, аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл БНСУ-ын далайн тээврийн боомт Пусан хотод ажиллаж, тус хотод хөл тавьсан жуулчдын урсгал тасардаггүй гол цэгүүд болон эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Энэхүү ажил хэргийн аялалыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Пусан хотын захиргаа болон Пусан дахь Монгол Улсын Консулын газар хамтран зохион байгууллаа.
Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсгийн далайн боомт Пусан 3 сая гаруй хүн амтай, жилд 4 сая орчим жуулчин хүлээж авдаг. Өмнөд Солонгостоо хүн амын тоогоор нийслэл Сөүлийн дараа орох, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэрийн томоохон хот. Ази, Номхон Далайн бүсийнхний олон улсын конвенциудыг хүлээн авч, 2005 онд Азийн наадам, ФИФА-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан тус хот 2016 оны зунаас Монгол Улстай агаарын шууд гарцтай болсон. Улаанбаатар-Пусаныг чиглэлд өнөөдөр БНСУ-ын “Air Busan” болон МИАТ компани шууд нислэг үйлдэж буй.
Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс хот болох нь Пусаны ойрын зорилт гэнэ. Агаарын шууд гарцтай болсон Улаанбаатар ч Пусаны анхаарлын төвөөс ангид байгаагүй. “Air Busan” агаарын тээврийн компанийн харьцангуй хямд тариф, БНСУ-ын эмнэлэг, оношилгооны төвүүдийн үнээс бараг 30 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг эрүүл мэндийн байгууллагууд Солонгост эмчлүүлэх хүсэлтэй монголчуудын сонирхолд нийцнэ гэж Пусан хотын албаны хүмүүс хэлж байна.
Эмнэлэг, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээгээр харьцангуй сайнд тооцогдох БНСУ эрүүл мэнддээ анхаарсан, нарийн үзлэг оношилгоо, оношилгооны дараах эмчилгээ хийлгэхийг хүссэн гадна, дотны иргэдийн урсгалд “Эрүүл мэндийн аялал жуулчлал” хэмээн тодорхойлжээ. Эмчилгээний шугамаар Пусаныг зорьсон иргэд бүх цагаа зөвхөн эмнэлэг, эрүүл мэндийн төвд өнгөрөөх биш, тус хотын байгалийн үзэсгэлэнг тольдож, түүх дурсгалын газраар аялах боломжтой. Жуулчид шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх явцдаа тохь тухтай зочид буудалд байрлаж, эмнэлгийн алжаал тайлах өрөөнүүдэд тохь тухтай амрах боломжийг бүрдүүлсэн. Энэ нь эрүүл мэндийн аялал жуулчлалын хүрээнд ирж буй жуулчдын сэтгэлд нийцдэг аж.
Энэ оны гуравдугаар сард Busan tourism organization /BTO/ буюу Бусаны аялал жуулчлалын газрын “BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Иргэд “Блу Скай” цамхагт байх оффист хүрэлцэн очиж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.
Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Сунду далайн эргийн “Скай волк” цогцолбор бидний үзэж сонирхсон Пусан дахь анхны байгууламж байлаа. Шилэн хана, шалаар тоноглогдсон агаарын кабель машины энэ шугамаар аялагчид далайг хөндлөн туулж, байгалийн үзэсгэлэнг саадгүй тольдоно. Пусан дахь Сунду эргийн ойролцоох энэ бүс нутаг 1960-аад оноос хойш Солонгостоо хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын дунд багтаж эхэлжээ.
Үүнээс гадна Пусанд хөл тавьсан жуулчид Перугийн Мачупигчутай төстэй, гадаадад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц хуучинсаг хийцтэй, өнгө өнгийн хувийн орон сууцнаас бүрдсэн Гамчонь тосгонд очиж зургаа даруулдаг. Ами уулын оргил, элсэн арал дээр нүүдлийн шувуудыг үзэх, нар жаргахыг харах, хөлөг онгоцоор зорчиж, шөнийн Пусаныг тольдох зэрэг олон сонирхолтой маршрутаар аяладаг байна.
Бидний очсон хамгийн анхны эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага бол “МЕDI check” эмнэлэг. 1964 онд байгуулагдсан энэ эмнэлэг Солонгосын шилдэг 15 эмнэлгийн нэг. Улсдаа 10 гаруй салбартай, хэт авиан болон СТ, MRI, PET-CT оношилгоо, эрэгтэйчүүдийн хорт хавдарын 5 төрлийн генетик үзлэг, эмэгтэйчүүдийн хорт хавдарын 11 төрлийн генетик үзлэг, бүх төрлийн нарийвчилсан дуран авиан шинжилгээ гэх мэт олон төрлийн үзлэг шинжилгээний олон төрлийн үйлчилгээ хийдэг байна.
Холоос ирсэн үйлчлүүлэгчийн үзлэгийг нэг шөнө, 2 өдрийн дотор хийж, энэ хугацаанд үйлчлүүлэгчээ тусгай зэрэглэлийн зочид буудлын люкс өрөөнд байрлуулдаг. Гэр бүлийн хоёр хүн үзлэгт хийлгэж байгаа тохиолдолд 300 мянган воннын хямдрал үзүүлдэг. Эмчилгээний төлбөр Сөүл дэх эмнэлгүүдээс 30 орчим хувь хямд байдаг гэх мэт давуу талуудаа эмнэлгийн удирдлагууд танилцуулж байлаа.
Өнгөрсөн долдугаар сард Төрийн Тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т Пусан хотын захиргаа, Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгийн хөрөнгө оруулалттай Телемидициний төв буюу Алсын зайн оношилгооны төвийн нээлтээ хийсэн. Монгол иргэд заавал Солонгосыг зорино гэхгүйгээр энэ төвөөр дамжуулан үйлчлүүлэгчид нь эмчилгээний дараах хяналт, мэдээлэл үйлчилгээг авч болно. Мөн шинэ үйлчлүүлэгч шинжилгээ оношилгоо хийлгэх боломжтой гэж Пусан хотын албаны хүмүүс уламжилж байв. Дашрамд дурдахад энэ сарын 25-нд Пусан хотын 60 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Улаанбаатарт хүрэлцэн ирж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эмнэлэгт байрлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөх юм байна.
Үргэлжлэл бий.