1990-ээд оны эхээр видео кино ид дэлгэрч байх үед монголчуудын дунд тренд болсон кино бол Жулия Робертс, Ричард Гир нарын гол дүрд нь тоглосон “Хөөрхөн хүүхэн”. Бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик энэ киног “Үснгэлжин”-ийн насанд хүрэгчдэд зориулсан хувилбар хэмээн өхөөрдөн нэрлэх нь ч бий. Кино судлаач нар Холливудын бүх цаг үеийн мөрөөдлийг энэ кино биелүүлж чадсан гэлцдэг.
Уншигч танд “хөөрхөн хүүхэн”, түүний хайртай залуу болон уг киноны талаарх хэвлэлд тэр бүр гараад байдаггүй, сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.
Киноны нэрийг солиогүй бол амжилтанд хүрэхгүй байсан
Тус киноны зохиол анх тэс өөр нэртэй байжээ. Ж.Ф.Лоутон хэмээх нэрд гараагүй зохиолчийн бичсэн уг кино зохиол ердөө 3000 ам.долларын үнэ хүрч байсан ч “Хөөрхөн хүүхэн” болгож нэрийг нь өөрчлөөд алдартай продюсерүүдийн гарт өгч байж сая нэг өндөр үнэтэй, амжилттай төсөл болж чадсан гэдэг.
Мэдээж кино амжилтанд хүрснээр Лоутон алдар нэрийн оргилд хүрсэн нь ойлгомжтой. Дэлгэцэнд гарсан даруйдаа 463 сая ам.долларын ашиг олж, тухайн үедээ дээд амжилт тогтоох шахаж байсан энэ киног видео прокатуудаар хээдн сая хүн үзсэнийг тооцох аргагүй.
Жулия Робертсын оронд Деми Мур “хөөрхөн хүүхэн” болох ёстой байжээ
Анх продюсерүүд хөөрхөн бүсгүйнхээ дүрд тухайн цаг үед Холливудэд дөнгөж танигдаж эхэлж байсан 20 гаруйхан настай, залуухан, халуухан бүсгүй Деми Мурыг тоглуулах сонирхолтой байжээ. Гэвч найруулагч Харри Маршал Деми Мурыг хөөрхөн хүүхэндээ биш, харин түүний найз, биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглуулахаар шийдсэн байдаг. Ингээд явцын дунд хөөрхий азгүй Мур хөөрхөн хүүхэн ч үгүй, найз бүсгүйн ч дүргүй хоосон хоцорч, хоёуланд нь өөр хүнийг тоглуулсан гэдэг.
Зохиолчийн анхны санаа нь романтик хайрын тухай кино биш
Лоутон зохиолч анх толгойн дотроо Лос-Анжелес хотын бохир бизнес, тэр дундаа хар тамхичдын амьдралыг харуулсан кино бичихээр бодож, боловсруулсан байжээ. Бодоод зогсохгүй бүр бичээд дуусгачихсан, зарахад бэлэн болчихсон байсан аж.
Гэвч үзэгчдийн сэтгэл зүй, цаг үеэ мэдэрч чаддаг мундаг продюсерүүд уг зохиол дотроос биеэ үнэлэгч бүсгүйн дүрийг олж хараад уг бүсгүйг баян бизнесмэн эртэй хайр сэтгэлийн холбоотой болгон хувиргаж, романтик тийш нь эргүүлснээр кино зохиол ётой л 360 градус өөрчлөгдсөн түүхтэй.
Хэрэв Лоутоны анх харсанчлан их хотын хар тамхичид, биеэ үнэлэгчдийн тухай байдаг л нэг кино дэлгэцэнд гарсан бол бид бүхэн Ричард Гирийг, тэр дундаа Жулия Робертс хэмээх энэ үзэсгэлэнтэй бүсгүйг дэлхийн кино урлагт хэзээ ч харахгүй байсан биз ээ.
Олон сая хүний хайрыг татсан аз жаргалтай төгсгөл
Энэ киноны үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр байлдан дагуулсан хэсэг бол романтик аз жаргалтай, бас альтернатив гэж хэлж болохоор төгсгөл билээ. Ричард гир буюу дурлалт залуу хайртай бүсгүй дээрээ цагаан лимүзинээр хүрч ирээд тагт руу авирч гараад улаан сарнайгаа бэлэглэж уулздаг тэр л хэсэг хэдэн сая үзэгчийн хайрыг татаж чадсан юм. Мэдээж энэ гайхалтай төгсгөлийг ч бас л зохиолч Лоутон өөрөө бодож олоогүй.
Дэлхийн киноны алтан агшин болон мөнхөрсөн энэ гайхалтай кадрыг киноны продюсер, найруулагч болон бусад хүмүүс ухаан, уран сэтгэмжээ уралдуулан хэдэн арван янзаар ярьсны эцэст сая нэг юм бодож олсон түүхтэй аж. Ингэхдээ Уолт Дисней кино компанийн тухайн үеийн захирал Катзенберг хэмээх эрийн гаргасан санаа энэ алдартай романтик төгсгөлийг бодож олоход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэжээ.
Катзенберг киноны төгсгөлд гол дүрийн бүсгүй зүгээр нэг биеэ үнэлэгч шиг биш, харин жинхэнэ үнсгэлжин шиг, гол дүрийн залуу хайр сэтгэлийнхээ төлөө яахаас ч буцахаа байсан 18-тай хөвгүүн шиг харагдах ёстой гэж сэтгэснийг нь бусад хүмүүс ургуулан хэлэлцэж байж ийм үр дүнд хүрсэн гэдэг.
Киноноос нэг бус алдааг олж харж болно
Холливудын олон найруулагч нарын гаргадаг алдааг энэ киноны найруулагч ч бас давтсан гэж хэлж болно. Киноны нэг үзэгдэл дээр Ричард Гир зангиагаа тайлж хаяад цаад өөрөө рүүгээ орчихоод ганцхан секундын дараа буцаж гарч ирдэг хэсэг бий. Гэвч зангиагаа тайлж шидчихээд цаашаа орсон залуу маань буцаад гарч ирэхдээ зангиатайгаа гарч ирдгийг хэр олон хүн анзаарсан бол.
Өөр нэг үзэгдэл дээр Жулия Робертс кроиссант хэмээн нэрлэдэг франц зөөлөн боов идэж байгаа хэсэг гардаг. Гэвч кадр солигдох төдийхөнд франц зөөлөн боов бялуу болж хувирсан байна. Иймэрхүү хэд хэдэн алдаа уг кинонд гардаг гэнэ.
“Хөөрхөн хүүхэн”-ий алдартай улаан даашинз
Киног дэлгэцэнд гарсны дараа Жулия Робертсын Ричард Гиртэй дуурь үзэхдээ өмсдөг улаан даашинз тэр цагийн дээдсийн хүрээллийн хүүхнүүдийн дунд ихэд алдаршсан байдаг. Найруулагчийн санаагаар энэ улаан даашинз улаан биш, тас хар өнгөтэй байх ёстой байжээ. Гэвч зохион бүтээгч Мэрилин Вэнс, найруулагч хоёр энэ тал дээр маргалдаж, санал нэгдээгүй тул Вэнс даашинзыг гурван өөр янзаар урласны эцэст сая нэг түүний хүссэнээр болж, олон мянган эмэгтэйчүүдийн шуналыг хөдөлгөсөн улаан даашинзан дээр тогтжээ.
Хосууд ямар дуурь үзэхийг шийдэхийн тулд найруулагч, жүжигчин хоёр жинхнээсээ дуурь үзжээ
Дурлалт хосууд яг ямар дуурь үзэх ёстойг шийдэх гэж бас л бөөн санал зөрөлдөөн, их ажил болжээ. Ингээд арга ядсан найруулагч Ричард Гирийг дагуулан хэд хэдэн дуулалт жүжиг дуурийн театрт очиж үзсэний эцэст хамгийн алдартай дууриудын нэг болох “Ла Травиата”-г сонгосон аж.
Учир нь алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн “Ла Травиата” нь “хөөрхөн хүүхэн”-ий амьдралтай тун төстэй үйл явдал гардаг дуурь юм. Тиймээс ч дуурь үзэж, сэтгэл нь хөдөлсөн гол дүрийн бүсгүй хашгиран босч ирж орилдог хэсгийг кинонд оруулж өгсөн байна.
Ричард Гирийн оронд “загалмайлсан эцэг” Аль Пачиног төсөөлөөд үз дээ
Гол дүр болох баян бизнесмэн эрийн дүрд хэнийг тоглуулах вэ гэдэг дээр бас л асуултын тэмдэгтэй олон хоног явж. Зарим хүмүүс тухайн цаг үеийн алдартай жүжигчин, жентельмэн залуус болох Даниель Дэй Льюис, Кристофер Рийв, Жон Траволта, тэр ч бүү хэл хар арьст Дензель Вашингтоныг санал болгож байсан аж.
Харин найруулагч Харри Маршал өөрөө “Загалмайлсан эцэг”-ээрээ олонд танигдсан Аль Пачиног ихэд сонирхож, судалж үзсэн байдаг. Ингэж ингэж эцэст нь азтай залуу Ричард Гир сонгогдсон түүхтэй. Романтик, ухаалаг, хүн чанартай бизнесмэн Ричард Гирийн оронд хар арьст Дензель Вашингтоныг, эсвэл дээрэмчин царайтай, ширүүн төрхтэй Аль Пачиног Жулия Роберстын хамтаар төсөөлөөд нэг үзээрэй л дээ.
Төгөлдөр хуур тоглодог хэсэг зохиолд огт байгаагүй
Кинонд Ричард Гир төгөлдөр хуур тоглож суугаа хэсэг гардаг. Тэгвэл энэ үзэгдэл Лоутоны санаа бас л биш бөгөөд найруулагч Гирийн төгөлдөр хуур тоглодог авьяастайг зураг авалтын явцад санаандгүй олж мэдээд зориуд энэ утга уянгын үзэгдлийг нэмж өгсөн гэдэг.
Хамгийн инээдтэй нь энэ хэсэг дээр хэн нэгэн алдартай хөгжмийн зохиолчийн аяыг биш, харин Ричард өөрөө санаанд орсон аялгуугаа зохиогоод тоглож орхисон гэдгийг олон хүн мэдэхгүй л болов уу. Гир жүжигчин болоогүй бол муугүй хөгжмийн зохиолч болох байсан ч юм бил үү.
Жулия Роберстын хүзүү татаад хөшчихсөн
“Хөөрхөн хүүхэн” кинонд тачаангуй, романтик хэд хэдэн хэсэг гардаг. Эдгээр халуухан зургуудыг авах гэж манай хоёр, найруулагч, зураглаачийн хамтаар бас л зовсон түүхтэй. Жулия Робертс яг Ричард Гирийн дээр гараад халуухан зураг авахуулж байтал мань хүний хүзүү нь гэнэт татаад хөшиж орхих нь тэр. Арга ядсан Харри Маршал зураг авалтыг зогсоож, “хөөрхөн хүүхэн”-ий хүзүүнд өөрийн гараар иллэг хийж өгсний эцэст сая нэг зураг авалтаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна.
Хөөстэй ваннд орсон Жулиягийн үсний будаг арилчихсан
“Хөөрхөн хүүхэн” баян бизнесмэн эрээс олон мянган доллар авангуутаа баярлаад хөөстэй ваннд хэвтэж буй хэсгийн зургийг авах гэж нэлээдгүй адал явдлыг кино багийнхан туулжээ. Учир нь Жулия Роберстын үсийг түр зуурын хямдхан будгаар будчихсан байсан тул ваннтай усанд нүүрээ далд ортол шумбадаг хэсэг дээр түүний үсний болон нүүрний будаг арилчихаад болж өгсөнгүй. Нүүр хувиргалтын багийнхан ихээхэн зовлон үзэж байж энэ агшныг хальсанд буулгасан аж.
Улаан даашинзнаас дутахгүй алдартай улаан хүрэм
Гудамжны хямдхан биеэ үнэлэгч бүсгүйн киноны эхэн хэсэгт өмсдөг улаан хүрэм, урт савхин гутал зэрэг нь гол дүрийн жүжигчнийг алдартай болгоход багагүй хувь нэмрээ оруулсан гэдгийг кино судлаачид, ялангуяа загвар зохион бүтээгч нар нэг бус удаа хэлж байжээ. Тэгвэл биеэ үнэлэгчийн алдарт улаан хүрмийг Лос-Анжелесийн нэгэн хямдхан хувцасны прокатнаас ердөө 30 доллараар түрээсэлсэн түүхтэй. 30 долларын улаан хүрэм нь дэлхий даяар тийм алдартай болох юм чинээ прокатны эзэн төсөөлөө ч үгүй байх даа.
Эдвардын хөлөглөсөн саарал лотус шүүхийн хаалга татуулах дөхжээ
Баян бизнесмэн Эдвард кинон дээр лотус, феррари, порше зэрэг үнэтэй чамин хүлгүүдийг хөлөглөн хажуудаа биеэ үнэлэгч бүсгүйгээ суулгачихаад давхидаг шүү дээ. Гэвч киног дэлгэцэнд гарсны дараа феррари, лотус, поршегийн зүгээс дээд зэрэглэлийн тансаг автомашинуудын үнэ цэнийг тус кино навс унагасан хэмээн удаа дараа шүүмжилж, эгээтэй л шүүхэд зарга мэдүүлэхээс наагуур өнгөрсөн гэлцдэг. Учир нь 100 мянгыг хол давсан ам.долларын үнэтэй дээд зэрэглэлийн унааг нэг муу биеэ үнэлэгч хөлөглөн давхих нь хэр зохимжтой билээ дээ.
Саундтракын түүх
Энэ киног амжилтанд хүргэсэн нэг чухал хүчин зүйл нь хоёрын зэрэг ая донж нь тохирсон саундтрак буюу киноны хөгжим юм. Алдарт дуучин Рой Орбисоны дуулсан “Оh pretty woman” дуу бүр 1964 онд олон нийтэд хүрч, тэр ондоо Биллбоардын шилдэг 100-д багтаж байсан бол Шведийн домогт Roxette хамтлагийн дуулсан “I must have been love” буюу “Би хайрласаар байх ёстой байсан” дуу 1987 онд дуулагдаж байжээ.
Харин “Хөөрхөн хүүхэн” кино 1990 онд дэлгэцэнд гарсныг хэлэх хэрэгтэй. Мэдээж оюуны хулгай хийж сураагүй Холливудын продюсерүүд багагүй хэмжээний үнэ төлж байж эдгээр дууг кинондоо өчмлөх эрхтэй болсон нь дамжиггүй. Эцэст нь киног шүүмжлэх дуртай хүмүүс хэзээ ч дээдсийн хүрээллийн баян бизнесмэн эр гудамжны хямдхан биеэ үнэлэгчийг сонгодоггүй л байхгүй юу хэмээн өөлж, гоочилсоор ирснийг дурдах хэрэгтэй.
Гэвч энэ бол дэлхийн кино урлагийн түүхэн дэх хамгийн сонгодог, дэндүү романтик, жинхэнэ гал халуун, бас хэт дэврүүн хайрын түүх мөнөөсөө мөн билээ. “Хөөрхөн хүүхэн”-тэй Жэймс Камероны “Титаник” л Холливудэд өрсөлдвөл өрсөлдөж магадгүй юм даа.
Эх сурвалж: Tetty Betty News, Google