Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхийг хүсдэггүй хүмүүс МАН-д ч бий, АН-д ч байдаг. Тэднийг МАНАН бүлэглэлийнхэн гэнэ. Энэ хүн 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш үхэхээс бусдыг үзэх шиг боллоо. Нөгөөх МАНАН бүлэглэлийн нөхдийн “буян”-аар шүү дээ. Тэр бүлэглэл нь цагтаа түүний бараа, сүүдэрт явсан голдуу нөхдөөс бүрдсэн байдаг юм.
Н.Энхбаяр улс төрд орж ирвэл тэдний албан тушаал, эрх мэдэл юу ч биш болчих аюултай. Тиймээс ямар нэгэн аргаар түүнд хаалт хийх хэрэгтэй болсон гэдгийг хашир улстөрчид, ажиглагчид дүгнэн хэлдэг нь ортой байж мэднэ. Учир юу гэвэл Н.Энхбаяр намынхаа удирдлагуудын зохион байгуулсан операцийн дагуу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд унасныхаа дараа МАХН-ыг байгуулсан байдаг. Улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэн босч ирсэн МАХН нь хормын зуур өндийж, 2012 оны УИХ-ын сонгууль гэхэд хүчтэй өрсөлдөгч болчихсон байв.
Энэ нь МАНАН-д айдас төрүүлж, МАХН-ын толгойг буюу Н.Энхбаярыг хаах аргыг хийсэн байдаг юм. Сонгуульд оролцуулалгүй хаах ажлыг гардан хэрэгжүүлдэг хамгийн гол газар нь СЕХ, хууль хүчний бүх байгууллага болсон. 2012 оны УИХ-ын сонгууль дөхөж байсан үе. Гэтэл дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр Монголын хууль хүчний бүх байгууллага гэр рүү нь дайрч, түүнийг нь МАНАН-гийнхан хамт сууж байгаад зохион байгуулан баривчлав.
Түүний нэрийг өмнө байгуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэв. Гэсэн ч СЕХ зургадугаар сарын 5-ны өдөр хуралдаж, Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулав.
Дараа нь зургадугаар сарын 8-ны өдөр дахин хуралдаж, Н.Энхбаярын талаар ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас холбогдох лавлагаа авсны дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.10, 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргалаа гэж мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн хуулийн 27.5.2. Нэр дэвшүүлэхдээ тухайн хүний УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхж үүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх, 29.10. Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо энэ хуулийн 29.2-29.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ, 29.11.4. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулийн 27 дугаар зүйлд заасныг зөрчиж явагдсан бол нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэснийг ашигласан байдаг.
Энэ сонгуулийн дараа 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байв. Хэрэв Н.Энхбаяр суллагдаж, МАХН-аасаа нэр дэвшсэн бол ялалт байгуулах магадлал өндөр байлаа. Гэвч Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн “үхрийн бөөр шиг хэдэн юм эвлүүлээд” ял тулгаж шийдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг суллав. 2016 оны УИХ-ын сонгууль дөхлөө. Гэвч МАХН-ын байрны асуудал гээч сөхөж, гадаадаас нэг этгээд энэ байрны наймааны хохирогч болоод гарч ирсэн байдаг.
Мөн хууль хяналтын байгууллагаас МАХН-ын санхүүг шалгах зэргээр түүний тэргүүлсэн намыг бүхэлд нь сонгуульд оролцуулахгүй байхаар хаалт тавьж үзэв. Ингэж явсаар яг сонгууль болонгуут Н.Энхбаярыг “цагдаагийн тодорхойлолт” гэдэг бичгийг үндэслэн нэр дэвших эрхийг нь хасчихлаа. Жилийн дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болов. СЕХ 2017 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг “…Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон.
Сонгуулийн тухай хуульд “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан шаардлагыг хангаагүй байна” гээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэл ийм маягаар 2012 оноос хойш болсон бүхий л сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүйгээр маш сайн хааж чадсан юм.
Энэ хооронд МАХН ч Монголын улс төрийн гуравдагч хүчний орон зайд албан ёсоор гарч ирж, тус намын дарга Н.Энхбаярын рейтинг улам өссөөр өнөөдрийг хүрэв. 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан МАН нэг гишүүнээ огцруулав. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй “бандаашны” гэх асуудлаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдсон Д.Гантулга олон нийтийн шахалтын дагуу “өөрийн хүсэлтээр” УИХ-ын гишүүнээс огцорсон нь тэр.
Ингээд тэр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарлаж, 62 дугаар тогтоолыг гаргасан. СЕХ ч нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байлаа. Энэ хооронд улс төрийн хүчнүүд ээлж дараалан, ил далдаар Хэнтий аймагт элдвийн тандалт судалгаа хийж байв. Тэнд Н.Энхбаяр хамгийн өндөр рейтингтэй байгаа нь судалгаа бүрээр л гарч ирсэн байдаг.
Тиймээс өөрөө зарлаагүй ч Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ. Нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн болно гэсэн яриа хөөрөө гэдэг юм уу, таамаг тооцоо ч гэдэг юм уу зүйл улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байлаа. Гэвч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж Үндсэн хуулийн цэцэд Нөхөн сонгуулийг эсэргүүцсэн мэдээлэл гаргаж, Цэц түүгээр нь шийдэж орхисон юм.
Хэрэв Хэнтийн нөхөн сонгууль товлосноороо 2018 оны аравдугаар сарын 7-нд болсон бол, Н.Энхбаяр нэр дэвшсэн бол Н.Энхбаяр ялж, У.Хүрэлсүх унах байсан гэж ажиглагчид дүгнэж байгаа. Тэдний хэлж буйгаар У.Хүрэлсүх өрсөлдөхгүй ч МАН ялагдаж, намын дарга У.Хүрэлсүх улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх байжээ. Тиймээс МАНАН бүлэглэл дахин хаалт хийж Хэнтийн нөхөн сонгуулийг цуцалж орхисон хэрэг.
Харамсалтай нь ингэхдээ Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын Үндсэн хуулиар олгосон сонгох эрхийг зөрчсөн байдаг. Үндсэн хуулийн 16.9-д “…шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж зааснаар Н.Энхбаярын сонгогдох эрхийг ч 2012 оноос хойшх бүх сонгуульд зөрчсөн байгаа юм.
Өнгөрсөн зургаан жилийн хооронд болсон дээрх үйл явцуудыг тоймлоход ийм. Эндээс олон дүгнэлтийг хийж болно. Ерөөс Монгол Улсын хууль хүчний байгууллага, сонгуулийн төв байгууллага, тэр бүү хэл Үндсэн хуулийн цэц хүртэл МАНАН бүлэглэлд ил цагаан үйлчилж, хуульт ёсыг завхаруулж байгаа нь тун ч эмгэнэлтэй юм.
Албан тушаал, эрх ашгаа хамгаалахын тулд хуйвалдааны засаглалыг бий болгож, түүгээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “шударга бусын хонгил”-ыг үүсгэж, улс төрийн өрсөлдөгчдөө намнадаг, хаадаг үйл ажиллагаа энэ зургаан жилд явагдсан байгаа юм. Ийм аргаар Н.Энхбаярыг хэд хэдэн сонгуульд оролцуулалгүй хаасан гэсэн үг. Эцэстээ түүнийг хаахын тулд бүхэл бүтэн тойргийн сонгогчдын сонгох эрхэнд халдчихав.
Шуудхан хэлэхэд, нэг хүнийг хаадаг байснаа нийтийг боодог болчихлоо. Сонгох эрх бол монгол хүний амьд явах эрхтэй дүйцэхүйц үндсэн эрх юм. Чухамдаа үүнийг буй болгоно гэж 1990 оны цагаан морин жилээр Монголд ардчиллын салхи сэвэлзэж, улмаар ардчилсан хувьсгал ялсан билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин