Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар хадгалагдаж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах асуудал тулгамдаж байгаа учраас газар дээр нь ирж үзье гэж бодсон юм. Шинэ барилгын явц удаашралтай байгаа тул 4 тэрбум гаруй төгрөгөөр одоогийн номын сангаа өргөтгөх боломж эрэлхийлж байгаа юм байна. Энэ бол арга ядсан л зүйл шүү дээ. 2012 оноос хойш шинэ барилга барих төсвийн асуудал удаашралтай явж ирсэн байна. Өргөтгөлийн хувьд ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулах болоод хөрөнгө, мөнгө босгох тал дээр анхаарч ажиллах бодолтой байна” гэсэн юм.