“Дисковер Монголиа” чуулга уулзалтын хоёр дахь өдөр уул уурхайн салбарын татварын орчин, хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Салбарынхан хөрөнгө оруулагчид үргэх шалтгааныг хууль эрхзүйн орчны тогтворгүй байдалтай холбон тайлбарлав. Харин хөрөнгө оруулагчид аливаа нэгэн уурхай, ордыг ашиглаагүй хайгуулын үе шатандаа явж байхад хэтэрхий өндөр татвар авах нь компаниудыг эрсдэлд оруулж байгаа талаар дурдаж байлаа.
Хөрөнгө оруулагчид эрдэс баялаг ихтэй улсад хөрөнгө оруулахыг хүсдэг. Тэр нь Монголд байгаа. Харин эрхзүйн орчноо уян хатан болгох хэрэгтэй гэдгийг санал болгож байлаа. Мөн аливаа улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нийгмийн лиценз буюу иргэдийн зөвшөөрөл маш чухал байдаг. Энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй ч хөрөнгө оруулагчид ярьж байв. Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчид төрийн тогтвортой бодлогыг хүсэж буйгаа илэрхийлж байлаа.
Тууштай хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, олон улсын стандарт мөрддөг компаниудыг буруу үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ялгаж, иргэдэд зөвөөр ойлгуулах нь чухал. Ингэснээр хамгийн шилдэг хөрөнгө оруулалт, технологи, менежментүүд энэ салбарт нэвтрэхийг тэд хэллээ. Энэ талаар Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Монгол Улсын болон олон „улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн шилдэг компаниуд бий. Тэдгээр нь олборлолтоороо гэлтгүй орон нутагт ажиллаж, олон нийттэйгээ харилцах тал дээр сайн байдаг.
Хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон хувь хүмүүс байгааг бид мэддэг. Цаашдаа хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэнэ. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэхээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал байна” гэлээ.
Татварын орчинтой холбоотой асуудал Хэлэлцсэний дараа хөрөнгө оруулалт татахын тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хөрөнгө оруулалт татахдаа тухайн компаниа маш сайн судлах хэрэгтэйг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Девид Спрул онцолж байлаа. Тэрбээр, “Монгол Улс хөрөнгө оруулалт татахаар дэлхийн хөгжиж буй орнуудтай өрсөлдөж байгаа тул энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай” хэмээн сануулж байв.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хайгуулын лиценз олгохыг түр зогсоосон болон “Оюутолгой” компанид хандаж байгаа хандлага нь хөрөнгө оруулагчдын бодлыг өөрчилж байгаа талаар ярив. Мөн манай улсад буй уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалтууд төрийн оролцоотой компаниудад л байхаас хувийн компаниудад цөөн байдаг.
Тиймээс хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд арилжааны чиглэлд хөгжүүлбэл эдийн засагт илүү түлхэц болох юм гэдгийг зөвлөв. Чуулганаар уул уурхайн салбарын алдаа, оноо, ахиц дэвшил, шинээр эхлүүлэх гэж буй төслийн талаар танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжуудыг эрэлхийлэхээс гадна хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээлүүдээ тоочиж байлаа.
Тэд тусгай зөвшөөрөл олгохдоо нээлттэй сонгон шалгаруулалтаас гадна өргөдлөөр хүсэлт авч олгооч гэдэг саналыг дэвшүүлэв. Энэ асуудлыг судалж, тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалт болон өргөдлөөр олгохыг хослуулах боломжтойг салбарын сайд хэлж байлаа. Тэрбээр, үндсэн хэлэлцүүлэгт “Оюутолгой” төслийн талаар “Дэлхийн хэмжээний Оюутолгойн зэс, алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15,000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна.
Оюу толгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой” гэсэн юм. Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гүний уурхайг-хөгжүүлэхэд бэрхшээл цөөнгүй тохиолдож байна. Гэхдээ бид зогсолтгүй ажилласаар байх болно. Манай төсөл хүний нөөц, технологийн хөгжилд илүү анхааран ажиллаж байгаа.
Улс төр, бизнесийн салбарынхан манай төслийг маш сайн мэдэж, ойлгодог. Бид ч мэдээллээ хуваалцах тал дээр нээлттэй байхыг эрмэлздэг. “Оюутолгой”төсөл бол хариуцлагатай уул уурхай гэдгийг хэлмээр байна” гэв. Энэ үеэр “Оюутолгой” төсөл “дүүтэй” болох уу гэдэг асуултыг “Аспайр майнинглимитед” компанийн гүйцэтгэх захирал Девид Полл зочдод үлдээв. Тодруулбал, Монгол Улсын хойд бүсэд коксжих нүүрс нийлүүлэх Овоотын нүүрсний ордын төслийг танилцууллаа.
Энэхүү төсөл нь жилд 10 сая тонн угаасан коксжих нүүрсийг боловсруулах хүчин чадалтай. Жорк стандартаар 247 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Тэд уурхайгаас олборлосон нүүрсээ төмөр замаар Эрдэнэт рүү тээвэрлэхээр зорьж байгаа аж. Овоот төслийн гал хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна хэмээн тэд тооцоолсон байна.
Түүний хэлснээр энэхүү төсөл монголын хойд бүсэд нүүрсний салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ. Коксжих нүүрсийг шууд экспортлохоос гадна технологийн дэвшилттэй хослуулан чанарыг сайжруулахаар төлөвлөжээ. Нүүрсээ тээвэрлэхийн тулд авто болон төмөр зам барих юм байна. Монгол Улсын экспортын 20-30 хувийг энэ төслөөс бүрдүүлэх боломжтой байгааг тэрбээр нэмж хэлэв. Төслүүдийн танилцуулга “Эрдэнэс Монгол” компаниар үргэлжлэв.
Тус компани Эрдэс баялгийн бирж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ‘Таван толгой түлш” компани байгуулж, сайжруулсан түлш үйлдвэрлэхээр зэхэж байгаа аж. Мөн “Эрдэс метан” компани нь нүүрсний давхаргын метан хий үйлдвэрлэх, “Эрдэнэс стийл” компаниараа дамжуулан гангийн үйлдвэр байгуулж, 1500 ажлын байр бий болгохоо зарлалаа.
Түүнчлэн “Эрдэнэт алт ресурс” компани нь үнэт метал цэвэршүүлэх үйлдвэрлэл байгуулах, төвийн бүсийн эрчим хүчний 40 хувийг хангах станц барих, Тавантолгой, Ханги мандал, Тавантолгой, Чойрын авто зам тавихаар болсон талаараа танилцуулав. Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгааг чуулганы үеэр салбарынхан онцолж байлаа. Энэ үеэр алт, зэс, нүүрс, уран олборлох зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний төслүүд танилцуулсан ч төмрийн хүдрийн салбарыг хөгжүүлэх төслүүд хараахан гарч ирээгүй юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Б.Болор- Эрдэнэ
2 comments
юуныхэн дүү байхав 2039 он гэхэд хамаг баялгийг ачаар явчих нь шүү Оюутолгой үйлдвэрлэл явуулахад 1 секүдэнд 600.000 тонн гүний цэнгэг ус гудардаг Хөөрхий Өмнөговь гүний цэнгэг усгүй болох хугацаа 10 жил болж амжих юм уу даа Баягийн хараалаа гэж тэр 2039 онд ашигаа өгч эхлэн гэж Тэнэг мулгуу олхиогүй арчаагүй архичин үхэр монголчуудын тархийг угаасаар л
chi agsamnahaa boliod duugui l hevtej bai erguu mal