Монголчууд ураг удмаа мэдэн төрөлсөж, ургийн баяр хэмээх уулзалт зохион байгуулдаг ах дүүсээрээ цугладаг уламжлалтай ард түмэн. Энэ баярын гол утга учир нь хол аж төрж буй ахан дүүс нэгэн дор цугларч, ахмад буурлындаа зочлон золгоход оршдог ба нэг өдрийг дуу хуур, инээд баяслаар дүүрэн найр наадам шиг тэмдэглэн өнгөрүүлдэг. Бидэнтэй уул усаар холбогдсон, ураг садангаар барилдсан хүмүүс бол яахын аргагүй Өвөрмонголчууд, ахан дүүс минь билээ.
Усан бороо шаагисан уйланхай намрын энэ өдрүүдэд соёлын олон талт үйл ажиллагаар дамжуулан илүү дотно нөхөрлөж, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхээр нийслэлд хүрэлцэн ирээд байна. Бидэнд зориулж кино үзүүлж, спортын төрлөөр нөхөрсгөөр өрсөлдөн, үндэсний хувцас, хоолны өвөрмөц амтаа танилцуулсан хийгээд уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн зэрэг завгүй өдрүүд үргэлжилж байгаа юм. Нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотод энэ сарын 04-09-ны хооронд соёл, урлаг, спорт, зан заншлаа сурталчлахаар ирсэн нь энэ юм.
Монголчуудад зориулсан Солонго сэтгүүл 25 нас хүрлээ
(2018 оны есдүгээр сарын 5-н)
Хятад Монголын найрамдлын гүүр болсон Солонго сэтгүүл 25 насны төрсөн өдрөө Blue Sky зочид буудалд тэмдэглэн өнгөрүүллээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүд тохиож буй энэ үед тус сэтгүүлийн 25 жилийн тохиож байгаагаараа мөн онцлог байв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, соёлын харилцаа, мэдээлэл нэвтрэлцэх соёлын чухал тээгч болсноороо хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж буй уг сэтгүүлийн анхны дугаар 1993 онд крилл үсгээр монгол түмний гарт хүрсэн түүхтэй. Эрхлэн гаргагч Бат-Үндэс, Баяржаргал нар зориг шулуудан “Солонго” нэртэй сэтгүүлээ гаргасан гэдэг. Ингэснээрээ хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, соёлыг танин мэдэх чухал алхам болсон юм.
Эдүгээ 25 мянган дугаар эрхлэн гаргаад буй энэхүү сэтгүүлийн хамт олон монгол хэлээр www.solongonews.mn, орос хэлээр www.solongoru.mn цахим хуудсаар дамжуулан мөн мэдээ, мэдээллээ түгээж үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлсэн нь сошиал медиа хөгжиж буй энэ цаг дор “анхдагчдын” нэг болсон гэдгийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч МУСГЗ сэтгүүлч Б.Галаарид онцолж байлаа. Тэрбээр “Монгол уншигчдад зориулсан гадаад хэвлэл үүсэн байгуулагдаад 25 жил болжээ. “Солонго” сэтгүүл Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сайн үлгэр дууриалал үзүүлэх загвар болох түвшинд хүрчээ. Бид энэ сэтгүүлээс суралцах зүйл их бий.
Сонин, сайт, сэтгүүл, wechat зэрэг бүх төрлийн хувилбараар мэдээ, мэдээллээ түгээж буй хэвлэл Монголд өнөөдөр цөөн. Тиймээс ч “Солонго” сэтгүүл анхдагч нь болж байна. Энэ сэтгүүлийн хамт олон монголын сэтгүүлзүйд суралцаж туршлага судлах биш бид ч бас суралцах, туршлага солилцох зүйл их бий” хэмээсэн. Дашрамд дурдахад, “Солонго” сэтгүүл нь эх хувиа хөх хотод бэлтгэж Монголд хэвлэн хил дамнан уншигчдад хүрдэг байна.
ӨВ СОЁЛОО ОРЧИН ҮЕТЭЙ ХОСЛУУЛСАН ДЭЛХИЙН БРЕНД
(2018 оны есдүгээр сарын 06-н)
16.30 цаг. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах Novotel зочид буудлыг зорих хүмүүсийн цуваа үргэлжилнэ. Зочид буудлын дөрвөн давхарт ӨМӨЗО–ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу, Үзэсгэлэнт Сычуаны аялал жуулчлалын танилцуулга, Өвөр Монголын амтат хоолны өдөрлөг гэсэн гурван цогц арга хэмжээ нээлтээ хийсэн юм.
ӨМӨЗО–ны үндэсний хувцас болон орчин үеийн хувцасны загварын шоу албан ёсоор эхэлснийг мэдэгдэж ӨМӨЗО–ны Аялал жуулчлалын хорооны орлогч дарга хатагтай Шүнь Фен үг хэлсэн. Тэрбээр “Миний бие Өвөр Монголын Аялал жуулчлалын хөгжлийн хороог төлөөлөн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд талархал илэрхийлж байна. Улаанбаатар хот болон Өвөр Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж дэмжиж ажилладаг салбарын хатм олон та бүхэнд талархал илэрхийлье.
Монгол, Хятад хоёр уулс, усаар холбогдсон сайн хөрш, сайн хамтрагчид , сайн найзууд билээ. Хоёр орны хамтын ажиллагаа эрчимжиж байгаа энэ үед бид чанартай хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хоёр орны хамтын ажиллагаанд нэг цонх нэмж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хамтран ажиллах болно” гэв.
Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг энэ орныг үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл ахуй, үндэсний хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч аливаа улсын тод илэрхийлэл болсон Үндэсний хувцсаараа үзэсгэлэнт бүсгүйчүүд нь гоёсон байх нь анхаарал татаж, хараа булааж байв.
Ингэхдээ уламжлалт хэв маягийг орчин үетэй хослуулсан шинэ байдлаар олон нийтэд танилцуулж, аялал жуулчлалын салбарт бусад орнуудыг бодвол илүү өндөр хөгжиж байгаа гэдгээ олон нийтэд харуулахыг зорьжээ. Үүнд 100 гаруй хувцас орж байгаагаас үндэсний ёс заншлыг харуулсан эрэгтэй, эмэгтэй 40 загвар, орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 30 загвар, ёслол хүндэтгэлийн 40 загварын үзүүлбэрүүдийг нийтэд дэлгэсэн юм.
АЙЛЧЛАН ЗОЛГОСОН ӨДРҮҮД
Дуугаа дуулж, хадгаа дэлгэн угтдаг угсаа гарал нэг Өвөр Монголчууд хилээр зааглагдсан ч хэл соёл, нүүдлийн ахуй амьдрал, үндэсний хувцас зэрэг соёлын олон талаар адил төстэй. Тиймдээ ч бид ураг төрлийн барилдлагатай ахан дүүсээ “тэд” гэж ялгаж харах бус бидэнтэй адилхан гэдгийг соёлын энэ өдрүүд улам бататган харуулж байв.
Хятад орныг танин мэдэх соёлын өдрүүдийн хүрээнд “Хятадын кино өдрүүд”, “Найрамдлын солонго”, “Найрамдлын хотын дуулал” тоглолт, Монгол, БНХАУ-ын залуучуудын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зэрэг 16 томоохон арга хэмжээг бидэнд зориулан танилцуулж байна. Энэ талаар ӨМӨЗО-ы байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юиган, “Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно.
Ойгоо угтан Монгол улсын иргэдэд ӨМӨЗО-ы ахуй амьдрал, соёлын онцлогийг таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятадын “Нэг бүс Нэг зам”, Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хоёр орны иргэдийн найрамдалт харилцаа, соёл, хүмүүнлэгийн солилцоо улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” хэмээсэн.
Хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай БНХАУ-г төлөөлж хил залгадаг Өвөр Монголын хамгийн том хот нь Хөх хот. Нийт гурван сая хүн амтай. Үүний 267 мянга нь монгол үндэстэн бөгөөд аз жаргалтай хотын нэгд зүй ёсоор багтдаг бөгөөд үзэсгэлэнт Сичуань мужид аялахыг монгол түмэнд уриалж байв. Хятадын баруун өмнөд нутаг Үзэсгэлэнт Сычуань муж уул, усны сайхнаараа алдартай.
Энэ нутгийн нэрийг сонссон хэн бүхэнд өхөөрдөм хулсны баавгай, “алдарт” халуун ногоо нь л бодогддог. Буйдхан энэ нутагт амар амгаланг бас Брэндийн дэлгүүрүүд, өндөр барилгууд, дэлхийд нэр хүндтэй компаниудын салбар, үзвэр үйлчилгээ гээд их хотын амьдралд өнгө нэмэх бүх зүйл энд бий. Үүний зэрэгцээ эх дэлхийгээ хамгаалах, ховордсон амьтадаа хайрлах, өсгөн үржүүлэх ажил ямар бахархам үр дүнтэй байгааг Сычуаниас харж болно.