Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд боломжгүй мэт.
Гэвч эцэг эхчүүд бидний заавал мэдэх ёстой зүйлс байна. Дэлгэцтэй хэт ойр байх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү дэлгэцийн синдром нь electronic screen syndrome (ESS) нойргүйдэл, нийгмийн тусгаарлалт, зан үйлийн асуудлууд, мөн мэдрэлийн системд хэт ачааллыг үүсгэдэг. Энэ бүгдээс сэргийлэхийн тулд дэлгэцтэй ойр байх цагийг багасгах нь хамгийн хялбар арга билээ.
Эцэг эхчүүд төдийгүй багш нар дэлгэцийг ихээр ашиглаж хэрэглэж байгаа нь хүүхдүүдийг ууртай, уйтгартай болох мөн дэлгэцийн хамаарлаас үүдэх ядаргаанд ороход нөлөөлж байна. Энэ бол бидний нүдэнд харагдаж байгаа ил шинж тэмдэг. Тэгвэл хүүхдүүдийн маань тархинд юу болдог бол? Дэлгэцтэй цагийг их өнгөрүүлэх үед тархины бүрхүүлийн духны хэсгийн үйл ажиллагаа доголддог. Энэ хэсэг нь анхаарал төвлөрөх, сэтгэл хөдлөлийг удирдах, бусдыг ойлгох ур чадварыг хариуцсан хэсэг юм. Өөрөөр хэлбэл таны хүүхэд бодит амьдралаас тусгаарлагдаж байна гэсэн үг юм.
Дэлгэцтэй цагийг өнгөрүүлэх нь таны хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлж байгааг хамтдаа харцгаая. Дэлгэцэд зарцуулж буй цаг нь тархины хөгжилд саад учруулдаг. Хүүхдийн тархины хөгжил 1 нас хүртэл 300% өсч, хөгждөг. Хүүхэддээ дэлгэцээр бөмбөг харуулъя гэж бодъё. Хавтгай дэлгэцээр харж байгаа тул 2 хэмжээст дүрсийг хүүхэд харж хүртэх болно.
Харин жинхэнэ бөмбөг хүүхдэд харуулвал 3 хэмжээст дүрсийг хүүхэд харж хүртэх ба барьж болно, амандаа хийх гэж хүртэл оролдоно. Харин дэлгэцэн дээр байгаа бөмбгийг барьж болохгүй, өнхрүүлж хөдөлгөж ч болохгүй. Дэлгэцэд зарцуулж буй цаг нь хэл ярианы хөгжилд хоцрогдол бий болгодог. Хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлөх хамгийн шилдэг арга бол түүнтэй харилцан ярилцах юм.
Ингэх явцад хүүхэд сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, инээмсэглэл, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмжийг анзаарч, өөрөө туршиж үздэг. Эдгээр нь хэл ярианы хөгжилд шаардлагатай цогц үйл явц юм. Хүмүүс хоорондын харилцаанаас суралцах баяр хөөрийг дэлгэц, видео, тоглоом орлож чадахгүй. Дэлгэцэд өнгөрүүлэх цаг нь хүүхдийн үгсийн санг багасгадаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа 1 цагт 940 үг ашигладгийг та мэдэх үү? Телевиз асаах үед юу болдог гээч.
Эцэг эхийн хэрэглэдэг үгсийн тоо 770 болж буурдаг. Энэ нь хүүхэд төдий чинээ бага үг сурч байна гэсэн үг юм. Дэлгэцэд өнгөрүүлэх цаг нь хүүхдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Дэлгэцээс үүдэн амьдралын буруу хэв маягтай болох нь хүүхэд, өсвөр насныхны бие физиологийн хөгжилд сөрөг нөлөөтэй байгааг олон судлаачид гаргасан байдаг.
Нэгэн судалгаагаар өдөрт 2 цагаас илүү телевиз үзэж буй хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон сурлагын амжилт буурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Та хүүхдийнхээ дэлгэцтэй өнгөрүүлэх цагийг нь багасгаж, харилцан ярилцаж, бодит зүйлсийг хүртэж хүлээхэд нь анхаарч цаг гаргаарай.
Сэтгэл судлаач Н. Рэнжмаа