Багш нарын цалин нэмэх гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газраас биелүүлээгүй. Тиймээс энэ сарын 03-наас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид ажил хаясан билээ. Тодруулбал, энэ сарын 03-нд 26 ЕБС, маргааш нь нэмээд 37 ЕБС, өнөөдрийн байдлаар 45 ЕБС тус тус ажил хаяад байгаа юм. Тэгвэл энэ ажил хаялтад сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нэгдэж өнөөдрөөс ажил хаяхаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 34 цэцэрлэг ажил хаях бөгөөд суралцагчдын эцэг эхэд энэ тухайгаа мэдэгдэж байгаа юм байна. Дээрх 34 цэцэрлэгээс гадна 92 дугаар цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм. Цэцэрлэгийн багш, ажилчид ажил хаяхаар байсан боловч дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс багш, ажилчдыг дарамталсан иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад өгөөд байгаа аж.
Тиймээс дарамтад орсон багш, ажилчид ҮЭ-дээ хандаж эрхээ хамгаалуулах боломжтой юм байна. Багш, ажилчдын хувьд ачаалал их, цалин бага байдаг бөгөөд цалингаа нэмүүлэх энэхүү ажил хаялтыг АН-ын захиалга мэтээр мэдээлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Цаашид ажил хаях багш, ажилчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлжээ.