Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 м.кв газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байна. Монгол улсдаа ганцхан тооцогддог тусгай сургалттай сургуулийн газарт төрийн байгууллага оффистой болохын тулд барилгын ажил эхлүүлж байгааг буруу хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд үзсэн байна. Ийм учраас өнөөдөр захирамж гаргаж, өмнөх захирамжийг хүчингүй болголоо. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Оны өмнө нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн хашаанд газар олгохгүй, олгосон тохиолдолд энэ шийдвэрүүдийг бүгдийг нь цуцлана” гэж хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газраас гамшиг гарсан тохиолдолд сургуулийн орчмын газрыг онцгой бүсэд авч, дуудлагаар цуглах газар гэж зарласан байдаг. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль болон Гамшгийн тухай хуулиудыг үндэслэн тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн орчим 900 ам метр газрыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосныг өнөөдөр хотын дарга захирамж гарган цуцаллаа. Нийгмийн даатгалын газраас хүсэлт гаргасан тохиолдолд өөр газар шийдвэрлэж өгөх боломжтой. 29 дүгээр сургуульд сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдээс сургууль орчмын тохижилт муу, ойр хавиар зорчиход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүндрэлтэй байна гэсэн гомдол ирсэн. Цаашид тухайн газрыг чөлөөлж, тохижилтын ажлыг хийж, хүүхэд сурч, хүмүүжих таатай гадна орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана” гэж ярилаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.