Өнгөрсөн долоо хоногт тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад залгагдсан Оросын Союз хөлөгт жижиг цоорхой гарч, дотоод агаараа алдаж байсныг илрүүлсэн билээ. Тэгвэл Оросын сансар судлалын төв байгууллага Роскосмос уг нүхийг ямар шалтгаанаар бий болсныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Эхэндээ солиртой мөргөлдсөнөөс нүх үүссэн гэж үзэж байв. Харин одоо Роскосмос үүнийг хөлгийн дотор талаас өрөмдсөн нүх гэж дүгнэж байна. Нүхийг зориудаар гаргасан уу, эсвэл үйлдвэрлэлийн согог байсан уу гэдгийг шалгаж байгаа ажээ. Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин “Бид бүх боломжит хувилбарыг шалгаж байна. Солирын үүсгэсэн нүх гэдэг санаа няцаагдсан. Учир нь нүхийг дотор талаас гаргасан нь тодорхой байна.

Гэхдээ яг юу болсныг хэлэхэд хэтэрхий эрт байна” хэмээн ТАСС агентлагт ярьсан байна. Нэг хувилбар нь хөлгийг үйлдвэрлэх үед хэн нэгний гар хальтирснаас өрөмдсөн гэж үзэж байгаа. Учир нь нүхний ойролцоо өрөмний хошууны мөрнүүд байгаа гэнэ. Харин Роскосмостой хамтран ажиллаж байгаа NASA энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзаж, мөрдөн шалгах ажлын үр дүнг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

NASA болон Роскосмос анх өнгөрсөн Лхагва гарагийн орой хөлгийн дотоод агаар алдагдаж байгааг мэдсэн гэнэ. Гэхдээ алдагдлын хэмжээ өчүүхэн байсан тул хөлгийн багийнхны амралтанд саад бололгүй өнгөрч, маргааш нь түгшүүр зарлажээ. Улмаар агаар алдагдаж байгаа цэгийг хайснаар 2 мм хэмжээтэй жижиг нүхийг Союз хөлгийн хэсгээс олсон байна. Уг хөлөг зургаадугаар сарын 8-нд Олон Улсын Сансрын Станцад залгагдсан юм.

Уг хөлгөөр NASA-гийн нисэгч Серена Аунион Канселлор, Оросын нисэгч Сергей Прокопьев, Германы нисэгч Александер Герст нар дэлхийгээс ирж байжээ. Нүх нь сансрын нисэгчдийг дэлхийд буулгах зориулалттай капсулын хананаас илэрсэн байна. Пүрэв гарагт уг нүхийг Прокопьев цавуудсан алчуураар нааж бөглөсөн юм. Үүний дараа хөлөг дэх агаарын даралт эргэн тогтворжжээ.

Станцад ажиллаж байгаа нийт зургаан сансрын нисэгчийн агаарын нөөц хангалттай байгаа, тэд хугацаандаа буцаж ирэх боломжтойг NASA баталсан байна. Хэрвээ нүх үйлдвэрлэлийн үед бий болсон бол сансарт ажилласан хоёр сарын хугацаанд яагаад агаар алдагдаагүй вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн үеийн согогийг түр юмаар бөглөөд байсан нь сүүлд гэмтсэн байж болох талтай гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Verge

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн