БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сүүлийн үед “үзэгдэхгүй алга болсон” тухай Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Ким Жөн Ун сүүлийн 15 хоногийн турш олон нийтийн өмнө гарч ирээгүй гэдгийг тус агентлаг онцолсон байна. Өмнө нь, долдугаар сарын сүүлчээс эхлэн Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн үйлдвэрүүдэд 30 удаа зочилсон Ким Жөн Уны үйл ажиллагааг дэлгэрэнгүй сурвалжилж байсан юм.
Гэтэл наймдугаар сарын 21-нээс хойш БНАСАУ-ын удирдагч ямар нэгэн арга хэмжээнд оролцсон талаарх мэдээлэл алга байна. “Ёнхап” агентлагийн онцлон тэмдэглэснээр, энэ сарын 08-ны өдөр БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслол болно. Үүний сацуу Умардын удирдагч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч нартай 5-ны өдөр уулзах ёстой юм.