Хичээлийн эхний өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гурав нь найз нарын хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол нэг нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Наадамчдын зам “Буянт ухаа 2” хорооллын урд замд “T.Pruis” маркийн автомашины жолооч нь явган зорчигч гурван настай У-г мөргөж гэмтээжээ. У нь тухайн үед есөн настай эгчийн хамт замын хөдөлгөөнд оролцож байсан аж.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Чингэлтэйн эцсийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 30-35 насны эрэгтэй хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг тус тус бүртгэгдсэнийг шалгаж эхэлжээ.
Дээрх ослуудын шалтгаан нөхцөлөөс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчим болон гэр, орон сууцны хорооллын дундах замаар зорчихдоо хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.