Монголын үилдвэрчний эвлэлийн холбоо гэх их айлын үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд улс төрийн нөхцөл байдлыг даган идэвхжиж, буурч ирлээ. Өнгөрсөн жилийн өдийд Монголын үйлдвэрчний эвлэлээс яг л өнөөгийн адил багш нарын цалинг нэмүүлэх шаардлага тавьж байлаа. Тухайн үед засаг төрийн байдал ч нэлээд ганхчихсан байсан л даа. Ингээд нэг намын үнэмлэхүй олонхын дунд “төрийн эргэлт” гарав.
Шинээр байгуулагдсан Засгийн газар төрийн апбан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргаад асуудал цэглэгдсэн. Ямар ч байсан МҮЭХ-ны тэмцэл тэгсгээд зогссон юмдаг. Харин “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” хөдөлгөөн байгуулагдаж, араас нь жаахан хэл ам хийсэн байх. Цалин нэмүүлэх, нэг удаагийн тэтгэмж олгох гэдэг бол өөр хоорондоо тэнгэр, газар шиг зөрүүтэй ойлголт.
Энэ явдлын дараа олон судлаачид МҮЭХ-г улс төрийн тоглоомын нэг хэсэг байжээ гэж дүгнэж байлаа. Тэгвэл өнөө жилийн хувьд боловсролын салбарын цалинг 8-12 хувиар нэмсэн атал МҮЭХ ажил хаялт зарлахыг багш нарт уриалж, турхирлаа. Ингэснээрээ тэд боловсролын салбарынхны нэр хүндийг ч олон нийтийн өмнө унагаж байна. Орон нутагт тэдний санаачилгыг дэмжсэнгүй. Нийслэлд тэдний турхиралтыг дэмжсэн ерөнхий боловсролын 12 сургууль нь АН-ын угшилтай захирал, албан хаагчидтай гэх.
Засгийн газрын гишүүн танхимаасаа огцорч, эрх баригч намын хагарал чинээндээ тулах хэрээр МҮЭХ-ны үйл ажиллагаа ийн идэвхжээд ирсэн мэт. Магадгүй Засгийн газрын шил дараалсан барцадын эсрэг талд МҮЭХ-г ашиглах хүчин хуримтлагдаад байж мэдэх юм. Ирэх сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулганаар ямар драм өрнөх нь аяндаа харуулах байлгүй дээ. Иймэрхүү тоглоомоос үйлдвэрчний эвлэл ер нь хожоотой гардаг байх шүү.
Засгийн газар огцордоггүй юм гэхэд мөнгө төгрөг өгч магадгүй. Эргээд сануулахад, 2014 оны тавдугаар сард хэл аманд өртөж эхэлсэн Н.Алтанхуягийн Засгийн газар МҮЭХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 680 сая төгрөг өгсөн байдаг юм. Тухайн оныхоо намар Засгийн газар огцорч билээ. Энэ мөнгийг юунд зарцуулснаа тодорхой тайлбарлаагүй л яваа. Тухайн үедээ “МҮЭХ хаалтын гэрээ хийлээ” гэсэн хардлага хэвлэлийн хуудаснаа гарч байв.
Ер нь мөнгө санхүүгийн асуудал МҮЭХ-ны эмзэг бөгөөд нууц асуудал нь. Өнгөрсөн жил МҮЭХ 100 жилийн ойгоо 298 сая төгрөгөөр тэмдэглэж байлаа. Тухайн үед МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “100 орчим сая төгрөгийг холбооноос гаргаж үлдсэнийг нь хандиваар цуглуулсан’’ гэж байв. Хаанаас хандив авсан нь бас л бүрхэг. Мөн МҮЭСТӨ-ний газраас “Макс констрашн”-д өгснийхөө хариуд авсан 400 сая төгрөгийнхөө зарцуулалтыг ч тайлагнаагүй л байна.
Өнөөдөр Төрийн ордны баруун талд байрлах МҮЭХ-ны байрны хэдэн хувьд нь тус холбооны удирдлагууд конторлож байна вэ. Ихэнхийг нь түрээслүүлсэн байдалтай байгааг заавал баримтаар тайлбарлах ч шаардлагагүй. Ороод харахад л илт байдаг. Өнгөрсөн жил шилэн данс хөтөлнө хэмээн амалж байсан тус байгууллагын цахим хаягт өнөөг хүртэл юу ч алга. Багш нарын өгдөг татвар л гэхэд дунджаар 4,500 төгрөг.
Үүний дээр МҮЭХ-ны харьяа байгууллагуудын татвар гэж юм бий. Аль ч оронд Үйлдвэрчний эвлэл нь хуулийн этгээдийн эрхтэй байдаг. Манайд ч ялгаагүй Хууль зүйн яаманд бүртгэлтэй байгаа. Гэтэл Хууль зүйн яаманд бүртгэлтэй, хуулийн этгээдийн эрхтэй, харьяа байгууллагуудаасаа татвар хураамж авдаг байгууллага атлаа татвараа хэрхэн зарцуулснаа тайлагнаж байсангүй. МҮЭХ-ны дүрмийн наймдугаар зүйлийн 8.1-д “МҮЭХ-ны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө” гэсэн бий.
Ер нь бол гишүүд нь үндсэн цалингийнхаа нэг хувийг суутгуулдаг юм билээ. Багш нарын өгдөг татвар л гэхэд дунджаар 4,500 төгрөг. 2016 оны байдлаар төрийн болон хувийн цэцэрлэг, сургууль, их, дээд сургуульд 48 мянган багш ажиллаж байсан гэхээр дунджаар 218 сая төгрөгийн татвар энэ салбараас цуглардаг байж таарна. Өнгөрсөн жил тус холбооны удирдлагууд 235 мянган гишүүнтэй хэмээж байлаа. Тэдний татвар тэгвэл тэрбум төгрөгт хүрнэ.
Гэтэл гишүүдийнхээ татвараар юу хийдэг, юунд зарцуулсан нь яагаад нууц байдаг хэрэг вэ. МҮЭХ-ны удирдлагууд Засгийн газрын ажлын хэсэгт орж төрийн албан хаагчдын цалин мөнгийг нэмүүлэх боломжийг хамтдаа судалж, гэрээ хэлцэлдээ гарын үсгээ зураад явж байсан атлаа эргээд сэжиж байгаа өнөөгийн үйл явц нь нэг л ёозгүй. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт орсноо учирлаж, багш нарын цалинг үе шаттай нэмэхээ амласаар атал шүү дээ.
Багш нар гэлтгүй нийгмийн бүх л хэсэгт цалин нэмүүлэх шаардлага бий. Түүнийг нь нэг дор шийдэх хүч тер засагт харин бий юү. Тэд нэг удаадаа боломжийнхоо хэрээр шийдсэн байх. Харин өнөөдөр МҮЭХ он гараад боловсролын салбарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавиад сууж байна Үүнийг нь намрын чуулганаар төсөв хэлэлцэхдээ шийдэж чадахгүй бол Засгийн газар огцор гээд сууж байж мэдэх нь.
Магадгүй тийм нүүдэл харсан өрөг өнөөдөр өрнөж байх талтай. Тэгвэл өнгөрсөн түүх нь улс төрийн гар хөл шинжтэй явж ирсэн, орлого зарлагаа тайлагнадаггүй, олон нийтийн өмчийг түрээслэдэг тус байгууллагын удирдлагууд түмнийг төлөөлөн төрөөс шударга ёс нэхэх эрхтэй юү. Ер нь Үйлдвэрчний эвлэлийн үүрэг нь дан ганц цалин, тэтгэвэр нэмүүлэх биш л дээ. Ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулахыг шаардах, хэлцэл хийх ч багтана.
Гэтэл өнгөрсөн хугацаанд манай үйлдвэрчин ердөө л мөнгөтэй хөөцөлдөж яваа нь сэжиг төрүүлдэг. Өнөөдөр үндэсний үзлээр хуягласан төрийн бус байгууллага, бүлгэмүүд байгаль орчныг сэдвээ болгож уул уурхайн компаниудаар ашиг олж байгаа үзэгдэл хавтгайрлаа. Улс төрийн орчны үймээнийг даган гарч ирээд алга болдог элдэв хөдөлгөөний ааш аягыг бол бүр хэлэх юм биш.
Гэтэл хамгийн ажил хэрэгч төвшинд үйл ажиллагаа явуулах ёстой Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл хөдлөл нь салбартаа үйлчлэх зам мөрөөрөө явна уу эсвэл захиалгатай тоглоомын өрөг дээрх ацан шалааны байрлал болчихов уу гэдэг эргэлзээнд хүргэж байна. Дээр нь энэ байгууллагаар овоглон эрх мэдэл, эд хөрөнгөд хүрдэг нууц жим байгаа юм биш биз. Өнгөрсөн хэдэн жилийн ажиглалтаас л харахад шүү дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин