Эрүүл амьдрахыг хүсдэг эрхэм уншигч танд дэлхийн шилдэг эмч нараас энгийн хүмүүсийн асуусан хамгийн түгээмэл найман асуултын хариултыг толилуулъя. Хамгийн шилдэг нь гэсэн тодотголтой тэдгээр эмч нар таргалалт, түргэн хоол, транс тос хэзээ ч хүн төрөлхтнийг сайн зүйлд хүргэхгүй гэдэг дээр бүгд санал нэгдсэн бол гар утас, шарах шүүгээний долгион хүний биед хортой юу гэсэн асуултанд эргэлзээтэй хариултыг өгсөн байна.
-Өдөрт нэг шилэн аяга дарс уух нь эрүүл мэндэд тустай байж чадах уу?
-Хэдийгээр дарсыг эрүүл мэндэд тустай гэдэг ч хүн бүрт харилцан адилгүй үйлчилгээ үзүүлдгийг санах хэрэгтэй. Зөвхөн дарс гэлтгүй бага хэмжээний согтууруулах ундаа нь зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингээс сэргийлдэг хэдий ч хэмжээг нь хэтрүүлвэл таны зүрх, элгэнд яав ч сайн нөлөө үзүүлэхгүйгээс гадна архийг хэтрүүлж хэрэглэх нь эмэгтэй хүнийг хөхний хорт хавдартай болгосон тохиолдол олон байдгийг мартаж болохгүй. Хэрэв та согтууруулах ундааг бага залуугаасаа хэрэглэж сураагүй бол насанд хүрсэн хойноо ч гэсэн хол бай гэж зөвлөе. Харин тогтмол хэрэглэхийг хүсээд байвал өдөрт нэг хундагаас хэтрүүлээд эрүүл мэндэд тань ямар ч ашиг гарахгүй гэдгийг сануулчихъя.
Их ажлын дундуур цаг гаргаж, богино хугацаанд дасгал хөдөлгөөн хийснээр өдөрт олон цагаар дасгал хийдэг хүмүүс шиг эрүүл байж болох болов уу?
-Маш товчхон хэлэхэд тийм. Мэдээж дасгал хөдөлгөөнийг аль болох удаан хийх тусмаа хүний эрүүл мэндэд төдий чинээ сайн. Гэхдээ сүүлийн үед дэлхий дахинд богино хугацаанд хурдтай, бас үр дүнтэйгээр хийж болдог фитнесийн дасгал хөдөлгөөнүүд зөндөө бий болсныг хэлмээр байна. Хэдийгээр зарим эмч нар долоо хоногт 150 минутаас доошгүй хугацаагаар дасгал хийхийг зөвлөдөг ч өдөрт аравхан минут дасгал хийснээр эрүүл байж, урт наслах бүрэн боломжтойг шинжлэх ухаан, мөн бодит амьдралын туршлага харуулсаар байгаа.
-Крантны усыг шууд уух нь эрүүл мэндэд хортой юу?
-Та аль улс оронд, ямар газар нутагт амьдарч байгаагаас энэ нь шууд шалтгаална. Жишээ нь АНУ-ын хувьд крантнаас гоождог ус нь хамгийн аюулгүй, элдэв химийн бодисгүй гэдгээрээ дэлхийд тэргүүн байрт бичигддэг. Гэвч бусад улсын хувьд тийм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Газрын гүнээс гаргасан худаг, байгаль дээр тохиолддог горхи, рашаан зэрэг биш л бол крантны ус хүний эрүүл мэндэд хэзээ ч тийм тохиромжтой байж чадахгүй. Сахар ихээр агуулдаг гаазтай ундаа, жүүс зэргээс байгалийн гаралтай органик жимсний шүүс хүний эрүүл мэндэд илүү тустай байж чаддаг уу.
-Сүүлийн үед хүмүүс эрдэнэ шишийн сиропыг ихээр уух боллоо?
-Гаазтай ундаа, төрөл бүрийн аргаар гарган авсан жимсний жүүс зэргийг сахар ихтэй хэмээн буруушааж, эсрэгээрээ эрдэнэ шишийн сиропыг илүүд үзэх болсон нь үнэн. Гэвч эдгээрийн аль нь ч ялгаагүй сахарыг их хэмжээгээр өөртөө агуулдаг бүтээгдэхүүнүүд. Эрдэнэ шиш ч ялгаагүй зохих хэмжээний сахарыг өөртөө агуулдаг. Тиймээс дээрх бүтээгдэхүүнүүдийн алийг нь ч хэрэглэсэн хэтрүүлэхгүй байхыг хүсье. Сахар чинь өөрөө хүний биед заавал байх ёстой элементүүдийн нэг. Үүнийгээ хүн хоол хүнсээрээ дамжуулж авч байх ёстой. Гэхдээ мэдээж хэтрүүлж биш.
-Шарах шүүгээнд халаасан хоол эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг үү?
Ийм яриа сүүлийн арван жил дэлхий даяар маш их яригдсан ч үүнийг шинжлэх ухааны албан ёсны судалгаагаар яг ийм төрлийн өвчин үүсгэдэг гээд нотолчихсон зүйл одоо болтол алга. Хэдийгээр бүх төрлийн шарах шүүгээнүүд цахилгаан соронзонг үүсгэх замаар хоолыг халаадаг нь үнэн боловч энэ нь тухайн хүнсний бүтээгдэхүүнд муугаар нөлөөлдөг гэж хэлэхэд тун хэцүү. Дахин давтан хэлье.
Анагаах ухаанд шарах шүүгээнд хоол халааж идсээр байгаад хорт хавдар, өөр ямар нэгэн өвчинтэй болчихсон тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Гар утас хүний тархинд муу нөлөө үзүүлдэг гэдэг дээр юу хэлэх вэ? Энэ талаар харин нарийн судалгаа шинжилгээнүүд нэг бус удаа хийгдсэнийг хэлмээр байна. Гар утас хүмүүсийн амьдралд өргөнөөр нэвтэрсэн сүүлийн 20 жилийн хугацаанд 420 мянган хүн дээр хийсэн судалгаагаар мөн л шарах шүүгээний нэгэн адил гар утаснаас болж тархины хорт хавдартай болсон гэдгийг батлах нэг ч тохиолдол илрээгүй.
Гэхдээ мэргэжлийн хүмүүс бид долгионыг их хэмжээгээр ялгаруулдаг гар утас болон бусад эд хэрэгслийг анхааралтай ажиглаж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ үргэлжлүүлэн хийсээр байгааг хэлье. Нэр алдартай олон мундаг мэдрэлийн болон тархины мэс заслын эмч нар гар утсыг огт таашаахгүй байгааг энэ дашрамд хэлэх хэрэгтэй. Гар утаснаас болж тархины хорт хавдар үүсч байна гэж хэлэхэд өнөөдөр арай эрт байна.
-Мах мариатай бүдүүн хүн цоо эрүүл байж болно биз дээ. Заавал өвчний үүр уурхай байх ёстой юм уу?
Харамсалтай нь бүдүүн, махлаг хүмүүсийн урмыг гонсойлгох нь дээ. Ямар ч мэргэжлийн эмч, энэ чиглэлээр судалдаг эрдэмтэн хүн өөртэй чинь санал нэг байхгүй нь ойлгомжтой. Илүүдэл жинтэй хүмүүс зүрх судасны өвчлөл, хорт хавдраар нас барах магадлал хэвийн жинтэй хүмүүсээс үргэлж илүү байдаг юм шүү. Тиймээс энэ асуултыг асуусан бүх хүмүүст өөртэйгээ тэмцэлд, фитнес заал руу яв. Хоолоо тохируул гэж зөвлөе.
-Өөх тостой хоол болгон заавал холестерин агуулдаг хэрэг үү?
-Маш товчхон тийм гэж хариулъя. Тиймээс зарим нэг маханд дуртай хүмүүст транс тос агуулсан бэлэн болон түргэн хоол, төрөл бүрийн амьтны мах зэргийг идсэний оронд тахианы өндөг хэдэн ширхгийг идчихсэн нь хамаагүй дээр гэж зөвлөмөөр байна. Цагаан хоол, ногоо зэргийг идэхийг хүсэхгүй байгаа бол ядаж л үхэр, тахиа, гахайны аль болох туранхай махыг нь сонгож хэрэглээд сурчих л даа.
Эх сурвалж: WebMD