Японы Денцу корпораци нь дэлхийн технологийн талбарт муугүй өрсөлдөгч нарын тоонд ордог бөгөөд сүүлийн жилүүдэд AI /Artificial intelligence/ буюу хиймэл оюун ухааны салбарт хүчтэй өрсөлдөгч болж тодрон гарч ирж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус корпорацийн нийт хөрөнгө 74 тэрбум 609 сая иен буюу 700 сая ам.долларыг хол давсан байна.
Тэгвэл Денцу корпораци нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх тусгай багийг бүрдүүлж байгаа тул дэлхийн өнцөг булан бүрээс энэ чиглэлээр ажиллах сонирхолтой чадварлаг залуусыг аппликэйшн бөглөхийг уриалсан мэдээг интернэт орчинд идэвхтэй тарааж эхэлжээ.
Тус компани нь энэ оны нэгдүгээр сард AI MIRAI нэртэй охин компанийг байгуулснаа олон нийтэд зарласан. Энэхүү охин компани нь хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг хөгжүүлэх чиглэлээр ажиллах аж. Мөн тус компани хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр ажилд орох хүсэлтэй залуусыг судлах, ажилд шалгаруулж авах зорилготой маркетингийн тусгай багийг бүрдүүлснээ ч албан ёсоор олон нийтэд зарлаад байгаа юм.
Денцу компанийн хэвлэлийн албанаас тараасан мэдээнүүд дотроос хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь тус компани энэ оны сүүлээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өөрсдийн салбарыг байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээ юм.
Яагаад заавал хиймэл оюун ухаан, програм хангамжийн салбарыг хөгжүүлэхийн тулд манай улсыг сонгож байгаа шалтгаанаа тус компанийн албан ёсны цахим хуудсанд “Монгол улс нь олон улсын математикийн олимпиадад сүүлийн жилүүдэд тасралтгүй эхний байруудад орж байгаа болон тус улсын засгийн газраас математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаа явдал нь хиймэл оюун ухааны салбарт хүчтэй өрсөлдөгч болохыг хүсч байгаа бидний маркетингийн бодлоготой нийцэж байгаа учраас” хэмээн тайлбарлажээ.
Дэлхийн програм хангамжийн шилдэг компаниудын Дата артист буюу өгөгдлийн санг хөгжүүлэгч мэргэжилтнүүдийн цөөнгүй хувь нь дунд сургуульд байхдаа математикийн олон улсын олимпиадад түрүүлж байсан залуус байдаг аж. Тиймээс ч технологийн салбарт хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж байгаа Японы Денцу компани энэ чиглэлээр монгол залуусыг сонирхож эхэлсэн бололтой. Ингээд зогсохгүй тэд өөрийн компанийн салбарыг Улаанбаатар хотод нээхээр судалж эхэлсэн нь ойлгомжтой боллоо.
Эх сурвалж: Dentsu inc