Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр монголчуудын амьдралын түвшин, чанар ямар байгаа нь илүү тодорхой болох биз ээ.
60 гаруй сая малтай, байгалийн асар их баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. “Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ” гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлахаар “Амьдрал сайн уу” цувралаа эхлүүлсэн билээ. Уг цувралаар бид амьдралын гүнд орж, иргэд хэрхэн аж төрж байгааг харуулах, ядуурлын шалтгаан, нөхцөлийг тодруулах зорилго тээсэн.
Цувралынхаа өмнөх дугаарыг “Хүчит шонхор” захаас бэлтгэж, амьдрал нь алга эргүүлэхийн дотор хөрвөж, товхийсэн ашиг орлоготой компанийн захирлаас орон гэргүйчүүдийн эгнээнд шилжсэн хоёр хөгшнийг онцолсон билээ. Энэ дугаартаа “Хүчит шонхор” захын эргэн тойронд мөнхөд байдаг боловч хэн бүхний анзаарч анхаарал хандуулдаггүй, сонирхохыг ч хүсдэггүй хэсэг бүлгийн тухай хөндлөө.
Өмнөх дугаарын гол баатар Ж.Долгор эмээтэй ярилцаж суутал тэрбээр “Нохойн хоолныхон ирэх арай болоогүй байна. Тэд ирэхээр энэ хавь их замбараагүй болдог юм” гэж хэлээгүй бол би ч тэднийг анзаарахгүй, тэнд тийм амьдрал өрнөдгийг мэдэхгүй өнгөрөх байсан болов уу.
“Нохойн хоолныхон” гэсэн хоёр үг тун этгээд, харь хол сонсогдсон тул “Юуныхан гэнэ ээ” хэмээн лавлахад эмээ “Нохойн хоолоор амьдралаа залгуулдаг хэсэг хүн энд байдаг юм. Худалдаачид мах цэвэрлэж янзлахад гарсан хаягдал, шулсан ясаа тэдэнд өгдөг. Нохойн хоолныхон түүнийг нь ялгаж салгаж, идэж болохыг нь идэж, үлдсэнийг нь зарж амь зогоодог юм. Хамгийн өрөвдөлтэй амьдралтай хүмүүс бол тэд. Ингэсгээд энд цугларна” гэв.
Хар нүд хуу татангуут ажил нь эхэлдэг махны захынхантай харьцуулахад нохойн хоолныхны идэвхжих үе тун орой аж. “Хүчит шонхор” захын захиргааныхан ч, худалдаачид ч үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн ихтэй өглөө, өдрийн цагаар нохойн хоолныхныг бужигнуулахыг хүсдэггүй учраас өдөржин цуглуулсан хаягдал, өмхийрч муудсан махны үлдэгдэл, шулсан ясаа оройхон, зах тарахын алдад тэдэнд өгдөг аж. Тиймээс тэдэнд өглөөгүүр хийх ажил үгүй.
Өглөө эртлэн очсон би нохойн хоолныхонтой тааралдахын тулд оройхон буцаж ирэхээс өөр аргагүй болов. 16.00-17.00 цагийн үед ирэхэд яг таарна гэсэн тул хэлсэн хугацаанд нь очтол Ж.Долгор эмээ “Тэд цуглачихаад нохойн хоолоо хүлээж байна. Нохойн хоолоор амьдралаа залгуулдаг арваад хүн энд бий. Байнга ирдэг хэдээс өнөөдөр ганц хоёр нь л алга” гээд автобусны буудлын зүг заалаа.
Зах, худалдааны төвийн үүд, гэр хорооллын гудамж, байрны булан гээд хаана л бол хаана харж болох “бөбөөчин” автобусны буудал хавиар өглөөнийхөөс хавьгүй олон болсон харагдав. Ийн эмээгийн хажууд суугаад тэднийг алсаас ажиглах төлөвлөгөөтэй байтал нэг нь биднийг чиглэн айсуй. Биднийг ч гэж, эмээг л чиглэсэн хэрэг. Хэдэн алхмын цаанаас тийм гэхийн аргагүй исгэлэн, эхүүн, өмхий үнэр хавиар нэг цацах тэр эр “Миний эмээ ч 100 насална даа” хэмээн тал засаад “Ганц ширхэг тамхи зээлчих. Орой хоолоо зараад өгье” хэмээн царайчлахад Ж.Долгор эмээ “Ингэж сайхан загнаж байж авчихаад санаагаараа авчраад өгөх биш. Та нартай хөөцөлдөх гэж 100 төгрөг олж авахаасаа эсэн юм болдог шүү дээ. 100 төгрөгний араас явах надад хэцүү. Авахгүй орхичих гэхээр би өөрөө яаж амьдрах вэ. Зовлонтой шүү дээ хүү минь” хэмээв.
Гуйгч эр “Би хүнээс юм авчихаад буцааж өгдөггүй хүн биш. Та намайг мэднэ дээ. Дээр танаас тамхи аваад, мөнгийг нь оройд нь өгсөн шүү дээ” хэмээн шаллаа. Түүнийг салах шинжгүйд төвөгшөөсөн үү, өрөвдсөн үү, эмээ “Улаан шонхор” тамхинаас ганц ширхгийг сугалангаа “Өчигдөр овоо орлоготой байсан биз дээ. Ганц 100 төгрөг үлдээгүй юм уу” гэхэд нөгөөх нь “Үлдээгүй ээ. Бүгдээр нь найрлачихсан. Нээрэн өчигдрийн ясан дунд овоо хэдэн чөмөг байсан. Орой хэдэн чөмөг ташиж идэж нэг сайхан гол орлоо” хэмээгээд инээхэд нь үүдэн шүд байх ёстой хэсэг нь онгойн харлаж, шүдгүй ам нь том хар нүх шиг харагдав.
Хэргээ бүтээсэн эр цааш эргэхтэй зэрэгцэн замын цэвэрлэгч шар хантаазтай бүсгүй “Гэгээн цагаан өдрөөр, хүмүүсийн нүдэн дээр дээрэмдүүлж байна. Ямар муухай юм бэ” хэмээн дуу хадаасаар ирлээ. Эмээ “Энүүгээр явж хүмүүсийн зарж байгаа тамхи булаадаг дээрэмчдийн нэг л байна билээ. Тэд орой үдэш мань мэт шиг чадал дорой хүмүүсийн бараанаас шүүрч зугтадаг юм” хэмээв.
Захын эргэн тойронд өрнөдөг, хэн бүхний анзаардаггүй эрээн барааныг сурвалжлахаар яваагийн хувьд хэрэгт дурлаж, юу болсныг сонирхоход эмэгтэй “Зам цэвэрлэж яваад халтираад уначихсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр ирж, гараас татсан юм. Тусалж, босгох гэж байна гэж бодон баярлаж байтал хурууг минь нэг л эвгүй мушгиад байв. Тэгэхээр нь хартал хоёр хурууг минь давхраар нь барьчихаад бөгж сугалах гэж байдаг байгаа. Айсандаа “Хүүе эмээ, намайг дээрэмдлээ” гэж орилж, эмээгээр загнуулж байж салсан” гэв. Эмээ ч түүнийг ярьсныг батлан толгой дохиж суулаа.
Ингэж байтал түрдэг тэргэн дээр махыг нь цэмбийтэл шулсан хэдэн богийн яс ачсан хүн гарч ирэв. Нохойн хоолныхон ч уралдан гүйлдлээ. Эмээ “Эднийг дотогш орж, худалдагчдаас нохойн хоол асуухаар цаадуул нь дургүйцдэг шиг байна билээ. Тэр битүү орчинд махны нялуун үнэр дээр эдний өмхий нэмэгдэхээр ямар олиг байв гэж. Тэгээд худалдагч нар махнаас гарсан хаягдал, шулааны ясаа ингээд өөрсдөө гаргаж ирээд үнэгүй өгчихдөг. Наана чинь бужигнаж байгаа гартай, гаргүй хэдэн авгайд нохойн хоолноос өөр олох орлого, амьдрах арга, тусалж дэмжих хүн байхгүй. Эд заримдаа нохойн хоолон дээрээ зодолдоно. Хачин хачин юм энэ хавиар их болно” хэмээн ярив.
Түүний ярьсан үнэн болохыг хэдхэн хормын дараа нүдээр үзсэн юм. Хэрзийж, ёрдойсон яснуудыг эргүүлж тойруулан, амьхандаа л шилж сонгож буй бололтой байсан бусдаасаа насаар арай ахимаг эрэгтэй хэлж болох хамгийн муухай хараалуудыг урсган, нөгөө хэдийгээ өшиглөн хөөж эхлэв. Түрүүлж очоод, махны өвдөл цөвдөл арай илүүтэй ясыг нь өмчилж авчихаад байтал бусад нь булаацалдсан бололтой.
Нөгөө хэд нь ч мөчөөгөө өгсөнгүй, яс булаалдсан ноход шиг уралцах шахам байж өөр өөрсдийн хувийг аваад, хэсэглэн хувааж гарлаа. Олж авсан яс, хаягдлаасаа арай дөнгүүр, мөлжүүртэйг нь ялган өөрсдөө идэхээр авч үлдээд, үлдсэнийг нь нохойн хоол хайсан хүмүүст зардаг аж. Тэд ихэвчлэн энэ ясаа чанаж мөлжин, чөмгийг нь ташиж, шөлийг нь уун гол зогоодог бөгөөд нохойн хоол зарсан орлогоо архинд өгдөг гэсэн.
Ойртсон хавьтсанаа өшиглөж хөөж байгаад өөрөө ахиуг олж авсан өвгөн нөгөө хэдийгээ “Муусайн п..-нууд цаашаа яв. Битгий хажууд зогсоод бай. Хол оч” хэмээсээр хүн амьтны хөл хөдөлгөөн хамгийн ихтэй автобусны буудал орчимд ганцаараа болж авлаа. Хүмүүсийн гарц орц, хөл хөдөлгөөнд ойр байвал бараагаа зарахад ч, дотроос юм гаргаж ирэхэд нь олж авахад ч хамаагүй илүү боломж олддог учраас ингэж байгаа юм гэж Ж.Долгор эмээ хэлсэн.
Эмээ түүнд “Яах нь вэ чи, адилхан байж” гэхэд “Би эднийг бодвол энд арав гаруй жил болж байна. Миний дош” хэмээн томроод авлаа. Ж.Долгор гуай “Энэ өвгөн эндээ том оо. Нөгөө хэдээ дээрэлхэж байгаад арай илүү нохойн хоол олоод авна, түүнээ энэ хавьд ганцаараас зогсож зарахыг бодно. Тэглээ гээд ямар ч нэмэргүй л дээ. Ганц нэг нохойн хоол олж зараад, олсноороо архи уугаад уначихдаг. Эндхийнхэн бүгд ялгаагүй. Энэ өвгөн, тэр авгай нар ч яах вэ. Ядаж л очиж хонох газартай шиг байгаа юм.
Эднээс гадна өрөөсөн гаргүй хар авгай, хүн болгонд өшиглүүлж, хөөгдөж явдаг нэг өвгөн бий. Тэд өнөөдөр ирээгүй байна. Иймэрхүү хүмүүсийг харж хандаж, тусалж дэмжих газар, буяны байгууллага байдаг бол тэр хоёрыг анхааралдаа авмаар санагддаг юм. Өвөл, зунгүй жилийн дөрвөн улиралд энд сууна. Ганц хоёр нохойн хоол олж зарвал тэр мөнгөөрөө архи уугаад л ухаан алдаад уначихна. Хоёулангийнх нь шээс задгайрчихсан. Зүгээр зогсож байхад нь ямар ч мэдрэлгүй гоожчихдог юм билээ. Би өрөвдөөд хэд хоногийн өмнө эмэгтэйд нь эм авч өгсөн. Тэр ч хэрийн эмэнд дарагдахааргүй бололтой юм билээ. Нааш гэх буяны байгууллага байдаг бол тэднийг зааж өгөх сөн” гэв.
Нохойн хоолныхон ирснээр тэр хавийн эмх замбараа алдагдаж, новширч, ноолорч эхэлсэн тул хэв журам сахиулахаар цагдаа ирэв бололтой. Гартаа хоёр, гурван уут өвдөл цөвдөл, хэдэн хэсэг яс барьсан нохойн хоолныхныг “Автобусны буудлаас холд, энүүгээр хүн явах аргагүй боллоо” хэмээн хөөхөд олонх нь дуулгавартай нь аргагүй босон явах дүр үзүүлж, жаахан цаашаа очоод цагдаа явахыг хүлээн зогсоцгоосон бол түрүүчийн хараал хэлдэг өвгөн бас л п-гээ дуудаж “Би Монгол Улсын иргэн. Хаана ч зогсох эрхтэй. Төрийн хувцас өмсөхөөрөө хүн дээрэлхэж болно гэж бодов уу, гайгүй байлгүй” хэмээн өмхий самхайгаа үнэртүүлэн хавиар нэг агсрав. Цагдаа ч түүнтэй олон зүйл ярих хэрэггүйгээ мэддэг бололтой, орхин одлоо.
Ингээд зах тарах цаг болж, нохойн хоолныхон гартаа барьсан ууттайгаа 200, 300, 500 төгрөг хэмээн үнэлсээр үлдсэн. Тэднийгээ борлуулж чадвал архи авч ууна. Тасарч унана. Тэгээд маргааш өглөөтэй золгоно. Дахиад л нохойн хоолоо булаацалдана.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин