Ийн хэлсний учир нь нэг ч ан амьтангүй, агнуурын шувуугуй, ховор ургамалгүй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын банкны дансанд тусгай зориулалтын ан, агнуурын хураамж энэ оны хоёрдугаар сарын 28-наас хойш төвлөрөх болжээ. Үүнээс өмнө нь уг хураамж тухайн ан амьтны нутаглаж буй орон нутгийн төсөвт ордог байв.
Дэлгэрүүлбэл, гадаадын анчид, иргэд жил бүр Монголд ирж, тусгай төлбөр төлж, угалз, тэх, буга, цагаан зээр, гахай, загас, шонхор болон ус, намаг, ой хээрийн бусад шувууг агнаж, барьдаг. Төлбөртэйгээр агнуулах, бариулах ан амьтдын нэр, тоог Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сард баталдаг билээ.
Түүнчлэн агнах барих, тусгай зөвшөөрөл болон агнасан ангийнх нь олзвор (эвэр, толгой, арьс)-ыг улсын хилээр авч гарах тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээг нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газраас олгодог. Өөрөөр хэлбэл, тусгай зориулалтын ан, агнууртай холбоотой бүх зүйл энэ газарт төвлөрдөг гэсэн үг. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төсвийн тухай хуульд ан амьтан агнуулах, бариулахад тухайн иргэнээр төлбөр, хураамж төлүүлэхээр заасан байдаг бөгөөд энэхүү төлбөр, хураамжийг орон нутгийнх нь төсөвт оруулдаг байхаар 2017 оныг хүртэл тусгаж ирсэн.
Гэтэл БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын даргаар томилогдсон Г.Нямдаваа дээр дурдсан хоёр хуулийн зүйл, заалтуудыг илт зөрчиж, хураамжийг нь Чингэлтэй дүүргийн Улаанбаатар хотын банкин дахь 261184321 тоот дансанд тушаасан байх чиглэл шийдвэрийг гаргаж, БОАЖ-ын сайдын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 01/1232, ХБОБНУГ-ын даргын 2018 оны хоёрдугаар сарын 23-ны 06/1122 тоот албан бичгээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаадын анчид, иргэдэд ан амьтан агнуулах бариулах үйл ажиллагаа эрхэлдэг Улаанбаатар хотын аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудад хүргүүлээд долоон cap өнгөрчээ.
Гадаадын анчид, иргэдэд ан амьтан агнуулж, бариулах үйлчилгээг Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр аймгаас бусад 18 аймгийн 100 шахам сум эрхэлдэг бөгөөд 2018 оны байдлаар эдгээр сумын төсөвт нийтдээ 322.7 сая төгрөгийн хураамж төвлөрөх ёстой байсан аж. Гэвч уг мөнгө Чингэлтэй дүүргийн дээрх дансанд аль хэдийнэ төвлөрсөн бөгөөд үүнийг хэн, хэрхэн зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бүр тодорхойгүй зүйл нь ямар шалтгаанаар уг хураамжийг орон нутгаас нь тусгаарлаж, Чингэлтэй дүүрэг дэх дансанд тушаалгах болсон юм бол. Энэ хууль бус асуудлаар аймаг, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга тэргүүтэй ажилтнууд санал гомдол гаргахыг хүссэн ч “Том дарга нарынхаа шийдвэрийг эсэргүүцэж чадахгүй” суугаа тухай яриа ч байна.
Харин Монголын Байгаль орчин Иргэний зөвлөл болон Монголын мэргэжлийн анчдын холбооноос тусгай зориулалтын ан, агнуурын хураамжийг орон нутагт төвлөрүүлэхгүй байгааг эсэргүүцэж, ангийн хураамжийг орон нутагт нь төвлөрүүлэх саналыг Татварын ерөнхий газарт болон Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэрэгжилтийг хангах газарт хүргүүлэхэд “Орон нутагт агнуулж, бариулж буй амьтны хураамжийг тухайн суманд нь төвлөрүүлэх ёстой” гэсэн хариу ирсэн байна.
Гэсэн ч уг шийдвэрийг харьяа яамны холбогдох мэргэжилтнүүд авч хэлэлцээгүй гэнэ. Дээрх хураамжийг орон нутагт төвлөрүүлснээр ан амьтнаа хамгаалж, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахын тулд ан амьтан бүхий сумдын Засаг даргын Тамгын газраас ан амьтдын нөөц, байршил бүхий газруудад байгаль хамгаалагч ажиллуулах, байгаль ан амьтнаа хамгаалах иргэдийн нөхөрлөл байгуулж, ган зуд болсон үед ан амьтдад зориулан өвс, тэжээл хужир мараа тавьж өгөх, хулгайн анчдаас хамгаалах, нөөц байршлыг нь тогтоох зэрэг ажпыг зохион байгуулахад нэмэр болдог байна.
ТОМЧУУДЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АГНУУРААС ОЛДОГ БАС НЭГ АШИГ
Тусгай зориулалттай ан, агнуур нь хэсэгхэн хүмүүсийн бизнесийн талбар болж, улсад орох ёстой мөнгө нь ч хууль журмаараа орохоо больсон гажуудал, хуйвалдаан болж хувирсныг салбарын мэргэжилтнүүд нь хэлэх боллоо. Учир нь, гаднын ан сонирхогч, гөрөөчдөд Монголын амьтад руу буу шагайхад зуучилдаг компаниудын тоо сүүлийн жилүүдэд илтэд олширсон гэнэ.
Бүр зарим компанитай нь холбоотой хүмүүс БОАЖЯ тэргүүтэй ургамал, амьтны нөөц тогтоодог хэлтэст бий гэх мэдээлэл ч байна. Хамгийн ашигтай гэх энэ бизнесийг өдгөө УИХ-ын нэр бүхий гишүүдийн нууц хийгээд тодорхой хэмжээний дэмжлэгтэй компаниуд хариуцдаг аж. Үүнээс ноцтой нэг зүйл нь 2012 оны эхээр Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар урд нь мердөгдөж байсан хууль, төлбөр хураамжийн хувь, хэмжээ хүчингүй болсон билээ. Нэг үгээр төлбөр, хураамжийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн гэсэн үг.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д “Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гэж заасан байна. Өмнөх хуулиар бол 60-70 хувиар тооцдог байсан аж. Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор 20 мянган ам.доллараар тогтоосон. Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор 20 мянган ам.доллараар тогтоосон байдаг.
Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам. доллар болж, төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар тус тус нэмэгдсэн билээ.
Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ нь нэмэгдээгүй байна. Гэвч шинэ хууль батлагдаад долоон жил өнгөрч байхад өнөөг хүртэл дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байгааг олон эх сурвалж батлан хэлж байна. Салбарын яамныхан энэ хуулиа үе, үеийн сайд, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нарын аль нь ч 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд заасан хуучин хураамжаар тооцож, улсыг хохироосоор ирснийг эх сурвалжууд дурдаж буй.
Үүнээс үүдэж гадаадын анчдад агнуулж буй алтайн угалз тутмаас 4,000, говийн угалзаас 2,000, алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай чононоос тус бүр 65 ам.долларын алдагдлыг жил бүр улс хүлээж иржээ. Мөн гадаадын анчин, жуулчдад агнуулж буй ус намаг, ой хээрийн төрөл бүрийн шувуу, тул болон бусад загасны төлбөр ч дутуу төлөгдөж ирснийг байгаль орчны мэргэжлийн хүмүүс рнцолж байгаа юм.
Тусгай зориулалтын ан, агнуурын толгой тутмаас ийм хэмжээний алдагдал хүлээгээд зогсохгүй Засгийн газар жил бүр агнах тоо толгойг нь нэмсээр байгаа нь хачирхалтай. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20,2016 онд угалз 60, тэх 70, буга 30 болж нэмэгджээ.
Энэ тоо нэмэгдсэнээр гадаадын анчдад ан агнуулдаг гарын арван хуруунд багтах компанийн ашиг орлого нэмэгддэгээс бус улсад төдийлөн ашиг тусгүй гэсэн үг. Угтаа бол энэ асуудалд хяналт тавих эрх олон газарт бий. ЗГХЭГ болон хууль хяналтын байгууллага, санхүү, эдийн засгийн холбогдох байгууллагууд анхаарахын зэрэгцээ нутаг дэвсгэртээ гадаадын анчдаар ан хийлгэдэг аймаг, сумдын Засаг дарга нар төлбөрийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэхийг яамнаас шаардах эрхтэй.
Аймаг, сумын төсөвтөе орох агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ онд ирэх гадаадын анчдаар ан агнуулахгүй байх эрх Засаг дарга нарт бүрэн нээлттэй. Гэвч хэнд нь ч тийм сонирхол алга гэмээр таг чиг. Эсвэл дээрх мөнгөн төлбөрөөс хувь хүртдэг байхыг ч үгүйсгэх аргагүй эх сурвалжууд байна.
“Үүнээс гадна “Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 4.3,4.4-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ” гэж заасан боловч энэ заалт мөн л биелэгдэхгүй дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна.
Хэрэв аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байсан бол агнуурын нөөц ашигласны төлбөрийг хуулийн заалтад нийцүүлэн нэмэгдүүлчихсэн байх учиртай. Эцэст нь, тусгай зориулалтын ан, агнуурын цаана энэ мэтээр бугшиж буй хууль бус эдийн засгийн эргэлтийг төрийн албан хаагчид, бүр тодруулбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрынхан өөрсдөө зохион байгуулдаг юм биш биз.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Б.Энх