Германы эрүүл мэндийн сайдын мэдэгдэж байгаагаар одоогоор эрүүл мэндийн салбарт 50000 асрагч дутагдалтай байна. Ахмадуудыг асрах 24000 эмнэлгийн асрагч 12500 Германд мэргэжлийн боловсон хүчин тэр дундаа барилгын мэргэжилтэн, тээврийн жолооч, мэдээллийн технологийн инженер, хүнд машин механизмын жолооч, эрчим хүч, цахилгааны мэргэжилтэн, техникийн чиглэлийн мэргэжилтнүүд ихээхэн дутмаг байгаа бөгөөд засгийн газрын зүгээс гуравдагч орны иргэд, мэргэжилтнүүдийг Германд ажиллах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж байна.
Учир нь энэ нөхцөл байдал цаашдаа Германы эдийн засагт эрсдэл авчирч болзошгүй байгаа юм. Ялангуяа дундаж наслалт өндөр буюу эрчүүд 78, эмэгтэйчүүд ойролцоогоор 83 насалдаг Германчуудын хувьд өндөр настнуудыг асрах асрагчид шаардагдаж байгаа аж. Түүнчлэн бизнесийн орчинд өдөр тутмын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдах болсон өнөө үед, мэдээлэл технологийн инженерүүд цаашид ихээхэн чухалд тооцогдох мэргэжил бөгөөд энэ салбарын боловсон хүчин нэн шаардлагатай байгааг Германы хэвлэлүүд онцолж байна.
Засгийн газрын зүгээс нэн түрүүнд гадаадад боловсрол эзэмшсэн болон мэргэжлийн ур чадвартай гадаадын боловсон хүчнийг Германд ирж амьдрах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Эдгээр салбарт Германд ажиллахад хамгийн түрүүнд тавигдах шаардлага нь мэргэжлийн ур чадвар, нас, хэлний мэдлэг болон ажлын байрны талаарх бичиг баримтууд юм байна. Одоогоор дээрх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахдаа гуравдагч орны иргэдийг татгалзах буюу өөрөөр хэлбэл Европын холбооны иргэдийг сонгон авч байсан юм.
Мөн гуравдагч орноос Германд боловсрол эзэмшсэн иргэдийг мэргэжлийн ур чадвартай гэдгээ нотолж чадвал цаашдаа Германд бүхий л мэргэжлээр ажиллах болох нөхцөл бүрдэх аж. Мөн Германы засгийн газар мэргэжлийн ур чадвартай гуравдагч орны ажлын байранд өргөдөл мэдүүлж буй иргэдэд Германд ажил хайх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм байна.
Германд ажил хайж байх хугацаандаа тодорхой цагаар өөр ажил хийж болох ба энэ нь өөрийн мэргэжлийн ур чадвар, сурсан мэргэжилтэй холбоотой байх юм байна. Дээр дурьдсан хамгийн эрэлт ихтэй буюу Германд дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчнүүдийн хувьд заавал мэргэжлийн ур чадвар өндөр байна гэсэн шаардлага тавигдахгүй аж. Тухайлбал мэдээллийн технологийн инженерүүдийн хувьд энэ чиглэлээр төгсөөгүй байсан ч гэсэн оршин суух зөвшөөрөл авах боломжтой. Хамгийн гол энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мөн ажлын байр олсон гэдгээ нотлох ёстой.
Дотоод хэргийн сайдын мэдэгдэж буйгаар ирээдүйд Германд мэргэжлээрээ ажиллахаар ирж байна уу эсвэл хүмүүнлэгийн тусламж эрж байна уу гэдгийг авч үзэх хэрэгтэй болж байгаа юм. Германы канцлер ч мөн энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн бөгөөд зөвхөн мэргэжлээрээ ажиллахаар зорьж байгаа хүмүүст боломж олгоно гэдгээ мэдэгджээ. Тэгэхлээр энэ шинэ журам Германд хэзээ хэрэгжиж эхлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Албан хүмүүсийн мэдээлж байгаагаар хуулийн төслийн засгийн газарт ойрын нэгж жилийн хугацаанд багтаан хэлэлцэхээр зорьж байгаа юм байна.