Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын бүсгүйчүүд нийтийн ариун цэврийн өрөөнд байрлуулсан нууц дурангийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ. Нууц камераар бүсгүйчүүдийг бичсэн уг бичлэгийг molka хэмээн нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүд өөрсдөө мэдэлгүй хохирогч болдог аж.
Гэмт этгээдүүд нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд spy cam буюу үл анзаарагдам жижиг хэмжээний камер суурилуулж бичлэг хийдэг байна. Үүнийгээ насанд хүрэгчдэд зориулсан төлбөртэй сайтад байршуулж ашиг олдог байна. Өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн 6000 хэрэг бүртгэгдсэн нь 2012 оныхтой харьцуулахад 2 дахин өссөн дүн аж. Шинжээчид molka-д өртөж хохирогч эмэгтэйчүүдийн тоо үнэндээ үүнээс хавьгүй их гэж дүгнэжээ.
Мэдээллийн Ёнхап агентлагийн дамжуулснаар Сөүл хотод байрлах нийтийн гэх тодотголтой 20000 ариун цэврийн өрөөг ердөө 50 ажилтан хариуцаж ажилладаг байна. Эдгээр ажилтнууд ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, эвдрэл гэмтлийг хариуцдаг бөгөөд ажлын ачааллаас болж цэвэрлэгээ үйлчилгээнээс өөр зүйлд анхаарч ажиллах боломж хомс байдаг ажээ.