2017 оны 4 дүгээр сарын 1-ний оройн 20 цагийн үед ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёлын төв”-ийн агуулахад шонхор болон шар шувуу агнагдсан байдалтай байна гэсэн мэдээлэл иржээ.
Уг мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд 1 ширхэг шонхор шувуу, 3 ширхэг шар шувуу агнаж хөлдөөсөн байдалтай байсан байна. Энэ талаар ХУД-ын Соёлын төвийн дарга н.Анхбаяраас тодруулахад: “Энэ хөргөгч нь өмнө нь ажиллаж байсан даргын хувийн хөргөгч бөгөөд ирж авахгүй болохоор нь агуулахаа чөлөөлөх санаатай тогноос нь салгасан. Тэгээд доторх зүйлсийг шалгах явцад хөргөгчинд уутанд боолттой эд зүйлс байсан. Нэгийг нь задлаж үзэхэд шувууны мах байсан тул цагдаад дуудлага өгсөн” гэжээ. Одоогоор тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар