Ерөнхий боловсролын сургуулийн нэгээс тавдугаар ангийн 400 мянга орчим сурагчид жил бүр 32 тэрбум төгрөгөөр “Үдийн цайны үйлчилгээ” хүргэдэг. Гэвч энэ хэмжээний мөнгөөр хүүхдийн авах ёстой илчлэг, шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. Тиймээс нэг хүүхдэд ноогдох үдийн зайны зардал 600 төгрөг байсныг ирэх онд 1200 төгрөг болгон нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.
Хүүхэд үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцэх ёстой. Гэвч хоол үйлдвэрлэгчид 600 төгрөгт багтаан илчлэгээ хангахын тулд нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн үдийн цайнд өгч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нүүрс усны оронд уураг ихтэй буюу сүү сүүн бүтээгдэхүүнтэй үдийн цай сурагчдад хүргэдэг болохоор зорьж байгаа юм.
Мөн үдийн цай үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг тухайн сургуулийн удирдлага өөрөө сонгох эрхтэй болжээ. Сургууль дотор хөлдөөсөн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, энгийн нүүрс ус ихтэй чихэр, чихрэн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон.Гэсэн ч хүүхдүүд ийм төрлийн бүтээгдэхүүн авч хэрэглэх нь түгээмэл байгаа тул эцэг эхчүүд хүүхэддээ энэ талаар сайтар зөвлөх шаардлагатай байна.