13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн мэдээлснээр эл хэргийн шүүх хуралдаан ирэх есдүгээр сарын дундуур болох төлөвтэй байгаа аж.
Хохирогч охины ээж хоолой зангируулан “Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай гэж хүлээж байна. Миний жаахан охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдчихаад байхад хууль хяналтынхан яагаад зүгээр суугаад байгааг ойлгохгүй юм. Энэ аймшигтай цаг үед бяцхан үрсээ гараасаа битгий салгаарай гэж хүсэж байна” хэмээн ярьж байсан юм.