Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ

Дархан-Уул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн Дархан суманд амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцох, нийгмийн харилцаанд ороход тулгамддаг асуудлууд цөөнгүй бий. Тэгвэл төв зам дагуух аж ахуй нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, тэдний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сод Монгол, Петро жамп, Шунхлай ШТС-ууд, Магноли дэлгүүр, MBM зочид буудал, Анд авто сервис, 4 дүгээр багийн Голд клуб зэрэг аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гаднах замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ. Энэ сарын нэгнээс эхэлсэн аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн