УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа. Тус Байнгын хороо өнгөрөгч тавдугаар сард Хорооны тайлан, санхүүгийн зах зээлийн байдлыг судлан үзэж, тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн юм. Эдгээр үүрэг, чиглэлийн хэрэгжилт ямар байгаатай Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын бүрэлдэхүүнтэйгээр танилцав.
Хороо Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Санхүүгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллах, төрийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, блокчейн технологи, криптовалютын талаар олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зохицуулалтын талаар тандан судлах, хүртээмж, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, байгууллагын чадавхыг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаагаа УИХ-ын гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөмж авав.
УИХ банкнаас бусад санхүүгийн зах зээлд анхаарал хандуулж, ийнхүү хоёр дахь удаагаа зохицуулагч байгууллагад ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир энэ үеэр онцолсон юм. Тэрээр, нийт эдийн засгийн салбарын цаашдын хөгжилд онцгой үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооны бодлого, үйл ажиллагааг дэмжиж, анхаарч ажиллах цаг нэгэнт болсон гэж чухалчлан дурдаад, санхүүгийн салбарын зүй зохистой хөгжилд Хороо чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүд, Ажлын албаны удирдах бүрэлдэхүүнд тус тусын санал, зөвлөмжийг хэлж, хөрөнгийн, даатгалын, банк бусын болон хадгаламж, зээлийн хоршооны салбаруудын хөгжлийг хангах, хүртээмжийг тэлэх, хэрэглэгч, харилцагчдын эрэлт, шаардлагад нийцсэн, иргэд, олон нийтэд ээлтэй, амьдралд нийцтэй зах зээл болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.