Замын-Үүд суманд хил гарах гэсэн ачааны автомашины урт дараалал үүсээд байна. Жолоочид хил дээр гацах болсон нь улс хоорондын зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаатай холбоотой аж. Өдөртөө манай талаас хил нэвтрэх 50-хан ширхэг “Д” төрлийн бичиг олгож байгаа нь ийнхүү дугаарлахад хүргэжээ. Хил гарах гэсэн автомашины жолооч нар 3-5 хоногийн өмнө зогсдог гэнэ.
Хичээлийн жил эхлэх энэ үед Замын-Үүд боомт хамгийн ачаалалтай байдаг аж. Өдөрт 700 орчим машин хил гарахаар “зүтгэдэг” гэх мэдээлэл бий.
“Зөвшөөрөл” гэж олон улсын хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ, БНКазУ, БНБелУ, БНКирУ, БНУкУ, БНТурУ, БНЛатУ-д ачаа болон зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг хэлдэг. Зөвшөөрөл олгогч нь зөвшөөрлийн бичгийн нөөц, үлдэгдэл, шинээр нийлүүлэх тоо хэмжээний талаарх мэдээллийг сар бүр холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй аж. Гэвч энэ талаар урьдчилан мэдээлээгүйгээс Замын-Үүдэд ийнхүү урт дараалал үүсч, иргэдэд чирэгдэл учруулсаар байгаа ажээ.
Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл олгоход Авто тээврийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон эрх бүхий байгууллага, Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн холбооны бодлого, чиглэл, шийдвэрийг тус тус баримталдаг юм.