ХАМГИЙН ЭРХ ДАРХТАЙ, АЙЖ ЭМЭЭХ ЗҮЙЛГҮЙ, ӨРӨӨНДӨӨ АРХИДДАГ ХҮМҮҮС ТӨРИЙН ОРДОНД БИЙ
Төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврыг ажил хэрэг болгохоор ЗГХЭГ хүч гарган ажиллаж байгаа нь талархууштай хэрэг. ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг харьяа яам, агентлаг болон бусад төрийн байгууллагадаа гэнэтийн шалгалт оруулж, дээрх албан даалгаврыг хэрхэн биелүүлж буйд нь үнэлэлт өгсөн.
Энэ ажлын хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд үзлэг хийгээд, 115 ширхэг архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн тухай өмнө нь мэдээлж байв. Мөн гэнэтийн шалгалтын үеэр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халсан. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар уг шалгалтын талаар ярихдаа “Төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага, дэг журмыг улам чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудын ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга” хэмээсэн.
Мөн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын дагуу авах арга хэмжээний хүрээнд Төрийн ордны харуул хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг улам чангатгаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад УИХ-ын гишүүн болон бүх хүний бичиг баримтыг тогтмол нягталж, гар тээш зэргийг рентген төхөөрөмжөөр шалгаж, архи, согтууруулах ундаа, хориотой бараа бүтээгдэхүүн авч яваа, эсэхэд хатуу хяналт тавихыг үүрэг болгосон.
Төрийн албан хаагчдыг сахилга, хариуцлага, дэг журамтай болгож, шаварт хутгалдсан төрийн нэр хүндийг сэргээх алхам хийж буй ЗГХЭГ-ынхны эхлүүлсэн ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ дайх үг байна.
Та бүхний эхлүүлсэн ажил “томчууд”-ын толгойг илж орхиод, чадал багатай дорой нэгэнд эр бяр гаргадаг, аар саархан зүйлээр хөөцөлдөж, амжуулснаасаа хэд дахин том тайлан бичээд дуусдаг жишгийг бүү давтаасай. Яам, агентлагын дунд, доод албан тушаалтнуудыг бөндөгнүүлж чадаж байгаа бол “томчууд”-ыг нь ч ялгаж орхихгүй байгаасай гэж хүсэж байна.
Төрөө дээдлэх уламжлалаа бодсон ч тэр, архитай зарлах дайныг төрийн албан хаагчдад төдийгүй нийт иргэнд үлгэрлэх ёстой түшээдээс, Монгол төрийн гал боломт болох Төрийн ордноос эхлүүлж болохгүй гэж үү. Шүүгэндээ архигүй хүн Төрийн ордонд цөөн гэж мөрийцсөн ч болно. Алба, амины ажил ярихаар өрөөнд нь орсон танилдаа архи сөгнөдөггүй УИХ-ын гишүүн, сайд, дарга байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Баяр ёслолын үеэр “Сая тэр гишүүн вискигээр дайллаа. Одоо түүний өрөөнд орно” гэж ярих хүнтэй бишгүй таардаг.
Ажлын байран дахь архидалт, засаг захиргаагүй мэт авирлах явдал дундаас дээш албан тушаалтнууд, сайд, дарга, УИХ-ын гишүүдийн дунд хэрээс хэтэрсэн нь нууц биш. Хамгийн эрх дархтай, айж эмээх зүйлгүй, өрөөндөө архиддаг хүмүүс тэд л байдаг. УИХ-ын гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаандаа гөлөмцүү сууж, сүүмийсэн нүдээр харах зүйлээ онож ядан тэмтчиж, уруул амаа долоон хэлээ булталзуулж суухыг, нэгнээрээ түшүүлээд гарахыг бишгүйдээ л харж байлаа. Зарим нь УИХ-ын чуулганы танхимаас, микрофон нээлгэж байгаад орон даяар агсам тавьсан удаатай. Аргаа барсан УИХ-ын дарга нь “Та согтуу байна, гэртээ харьж амар” хэмээн олон нийтийн өмнө аргадсан нь ч мартагдах болоогүй байна. Энэ мэтчилэн дурдаад байвал Төрийн ордон дахь зангиатай архичдын паян цөөдөхгүй.
Төрийн ордонд архидалт хэрээс хэтэрснийг УИХ-ын гишүүд үг, үйлдлээрээ илэрхийлсэн нь ч цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн хавар Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гишүүний арын өрөөнд битгий согтуу таарч байгаарай” хэмээн захисан. Энэ бол байдал ямар байдгийг биеэр мэдэрсэн хүний үг билээ.
Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар чуулганы хуралдаанд согтуу ирсэн гишүүдийг эргүүлэн татах тухай заалт бүхий хуулийн төсөл санаачилсан нь ч санаандгүй хэрэг биш байж таарна. Төрийн ордонд архины асуудал ингэж өндрөө авсан байхад ЗГХЭГ-ын хяналт шалгалт шаргал байшинг тойроод байгаа нь шударга явдал мөн үү.
ТӨРИЙН ОРДНЫ АРХИЧИД
Төрийн ордны архидалтыг түмэн олны нүдэнд ил болгосон Ш.Сайхансамбуу “УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганы 2008 оны наймдугаар сарын 28-ны хуралдаан 17.50 цагт эхлэв. Хуралдааныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр нээж, даргаллаа.
АН-ын дарга Ц.Элбэгдорж хуралдаанд орж ирсэнгүй. Хэнтий аймаг буюу 18 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар СЕХ-ны дарга Б.Баттулга танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Л.Гүндалай, С.Баярцогт нар асуулт тавилаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж асуултаа дуусгаагүй байхад гишүүн Ш.Сайхансамбуу “Тангаргаа өргөхгүй юун олон юм ярьдаг” хэмээн дургүйцсэнээр танхимд маргаан дэгдэж, Н.Батбаяр гишүүн “Энэ чинь Төрийн ордон, Нарантуул зах биш”, С.Баярцогт “Согтуу хүнээ гарга” гэж хэлэв.
Энэ үеэр гишүүн Л.Гүндалай үг хэлэх ээлж болоход гишүүн Ш.Сайхансамбуу “Чиний хэлэх үгийг мэдэж байна, одоо боль, тангаргаа өргөе. Та нар орж ирэхгүй хоёр сар төрийн ажлыг гацаачихаад юугаа яриад байгаа юм” гэх зэргээр загнахад гишүүн Л.Гүндалай “Муу луйварчин минь захынхныгаа очиж загнаарай. Мөнгөтэй нь ганцхан чи юм уу, хөлдүү газар хүмүүсийн эрүүл мэндийг хохироож, мөнгийг нь шулж баяжчихаад” гэх зэргээр маргаан нь хэрүүл болж, гишүүн Д.Лүндээжанцан Ш.Сайхансамбуу руу очин хөөрөг зөрүүлж хэсэг ярилцсанаа авч гарснаар танхимд тайван байдал тогтов…
Асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу тангараг өргөх ёслол эхэллээ… Гишүүн Ш.Сайхансамбуу Төрийн далбаанаас адис авсны дараа гишүүн Р.Гончигдорж руу очиж гараас нь адис авч байв…”
Энэ бол 2008 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулганы тэмдэглэл. Хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарантуяагийн хөтөлсөн уг тэмдэглэл Төрийн ордон дахь төрхгүйтлийн талаар тод томруунаар бичиж үлдээсэн анхны албан ёсны бичиг баримт болов уу. Тангараг өргөх ёслолдоо согтуу ирж, өмд, цамцаа дэрвүүлэн намбагүйтсэн Ш.Сайхансамбуугийн энэ үйлдэл тухайн үедээ иргэдийн нүдийг орой дээр нь гаргах шахсан ч цаашид ийм бусармаг, ёс зүйгүй зүйлд дасах эхлэлийг тавьсан юм. Тэрбээр УИХ-ын гишүүн байх хугацаандаа Төрийн ордонд нэг биш удаа согтуу явж хүмүүсийн анхааралд өртсөн бөгөөд тухайн үедээ “Төрийн ордны мөнхийн согтуу” хэмээх хоч зүүж байлаа.
“Н.Батбаяр аа, чи архи уусан байна, гэртээ харьж амар”
2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудал хэлэлцэж байтал Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр согтуу ирж “Монгол Улс төр засгаа бүтээх асуудлыг хэлэлцэж байна. Харамсалтай нь, шөнө дөлөөр хэлэлцэж байна. Хэдий болтол чонын бэлтрэг шиг шөнө дөлөөр хэлэлцэж, бие биеийнхээ араас хутга шаах юм бэ. Өнөөдөр заавал хэлэлцэх ёстой юу.
Нэг дэх өдөр хэлэлцэж болохгүй юу. Шөнөөр хэлэлцвэл сайн цаг ирэхгүй. Үүнийг хүн болгон санагтун, бодогтун, сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Гэхдээ дээр сууж байгаа гурван хүн нийлчихээд Монголыг барина гэвэл андуурал. З.Энхболд оо, чи наанаа суучихаад Монголын төрийг удирдаж байна гэж бодвол эндүүрэл. Чи АН-ын Засгийн газрыг авч хаячихаад…” хэмээн УИХ-ын даргад агсам тавьж байлаа.
Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд түүнд “Н.Батбаяр аа, чи архи уусан байна, гэртээ харьж амар” хэмээх “алдарт” үгээ хэлсэн юм.
“Архи, тамхи… гурав”
Тамхины эсрэг хууль санаачилж, батлуулаад овоо дориун явсан Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа Төрийн ордон дахь албан өрөөндөө бусдыгаа цуглуулан найрласан бичлэг сонгуулийн “буян”-аар олон нийтийн хүртээл болсон. Түүний өрөөнд УИХ-ын хэд хэдэн гишүүн сархад хүртэж, багагүй хөлчүүрхсэний улмаас Л.Эрдэнэчимэг “Архи, тамхи, секс гурав бол амьдралын бүх зүйл” хэмээн аальгүйтэж суугаа нь дүрс бичлэгт мөнхөрсөн. Төрийн түшээдийн ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам гэдэг зүйл “хайлж урссан”-ы томоохон жишээ болох уг бичлэг хойшид ч үе үе гарч ирж, Төрийн ордны архидалтыг сануулсаар байна биз ээ.
Хамгийн их дуулиан дагуулсан, хаашаа ч булзах газаргүй болсон цөөхөн тохиолдлыг дурдахад энэ. Хяналтаа алдатлаа, өөрийгөө авч явж чадахгүй болтлоо уугаад, дүрстэй, яриатайгаа олон нийтэд хүрсэн азгүй нь эд болохоос Д.Дамба-Очир, Б.Ундармаа мэтийн баригдчихаад мэлзээд өнгөрсөн нь ч бий.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2 comments
irgenii niseh. tomor zam geed arhidaltiin uurhainud bna daaaa
Архи яах вэ төрийн ордонд нохой гахай шиг залгалддаг улсууддаа эхэлж хариуцлага тооцох хэрэгтэй.МАН-ын бүдүүн авгайчуулд ялангуяа.