Монголын түүх соёлын тухай хүний гараар бичигдэн үлдсэн энэ цагийн хамгийн үнэтэй номын нэг нь “Монголын нууц товчоо” юм. Монгол хүмүүн өөрийн удам судар, үүх түүхээ мэдье гэвэл, Эзэн Чингис хааны байлдан дагуулалт, үр хүүхэд удам судрыг судлахыг хүсвэл энэ ном хамгийн эхэнд эргүүлэх гарын авлага нь гэлтэй. Тиймээс ч айл бүхэн бурхан тахил шигээ хоймортоо залсан байдаг.
Гэхдээ “Монголын нууц товчоо”-той адил хэмжээний ном, судрууд Үндэсний номын санд олноор хадгалагдаж байдаг. Одоогоор тус номын сан 3.5 сая гаруй ном, судартайгаас судлагдсан нь тун цөөхөн ажээ. Ингээд бодохоор бид өөрсдийн үүх түүх, соёл уламжлалаа сайн мэддэг хүмүүс мөн болов уу. Ном бол ертөнцийг харах цонх. Өнөө бидний өнгөрсөн ба ирээдүй билээ. Гэтэл хажууханд хадгалагдаж байгаа эдгээр ном судраа судлахгүй, хамгаалахгүй байна гэдэг Монгол соёлын эмгэнэл юм.
Үндэсний номын санг “Эрдэнэсийн авдар” гэж онцолдог нь учиртай. Учир нь тэнд хамгийн эртний ном нь X зуунд хэрэглэж байсан дал модны навчин дээр бичсэн ном аж. Гэхдээ монгол бичмэл юм уу, санскритээр байхгүй гэнэ. 1651 оны үед дэлхийн өвд бүртгэгдсэн гэж үздэг юм байна. Зарим гадны судлаачид “Монголын нууц товчоо”-ны нэг хувилбар гэх нь бий. Мөн эртний Энэтхэг, төвд номнууд байдаг. Гэхдээ тэдгээр нь эхээрээ биш. Бэх бийрээр, муутуу цаасан дээр бичсэн, дэлгэмэл байдлаар хадгалагдаж байдаг юм байна.
НЬЮ-ЙОРК ХОТОД МОНГОЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 60 ГАРУЙ НОМ БАЙНА
Үндэсний номын санд хадгалагдаж байгаа судар бичгүүдийн 1.5 сая нь нэн ховор бичиг дурсгалд тооцогддог юм байна. Одоогоор номын сангийн нийт сан хөмрөгийн 300 орчим гар бичмэл ном, судрыг цахим хэлбэрт оруулж, цахим хувилбараар уншигчдад хүргэсэн гэнэ. Олон жил хадгалагдаж ирсэн ном, судар хуудсыг нь эргүүлэх төдийд урагдах, сэмрэх аюул тулгардаг тухай номын сангийн захирал Б.Ичинхорлоо ярьж байсан юм.
Тэрээр “Манай номын сан нь Монгол Улсын сан хөмрөгт байгаа эх сурвалж бичгүүдийг эрдэмтэн судлаачдад өгч, шинэ судлагдахуун бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны төв болох зорилго тавьж байна. Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, бичвэр, олдворуудад хайхрамжгүй хандаж байгаад харамсах сэтгэл төрдөг. Энэ чинь бидний түүх шүү дээ. Номын сангийн ихэнх ховор ном судрууд судлагдаагүй байна.
Тэдгээрийг судалж, гайхамшгийг нь хүмүүст хүргэх цаг болсон” гэв. Үүнээс гадна дэлхийн бусад орны номын сан, сургуулийн архивт Монгол Улстай холбоотой ном, товхимлууд олноор хадгалагдаж байна. Тэдгээрт нэгдсэн судалгаа хэрэгтэй тухай Америкт амьдардаг, монголч эрдэмтэн, түүхч Б.Лувсангэндэн ярьж байсан юм. Түүнтэй холбогдоход “Би Америкт олон жил амьдарч байна. Энэ хугацаандаа их сургууль болон номын сангуудад хадгалагдаж байгаа монгол ном судруудыг судлах зорилго тавьсан юм. Түүхч мэргэжилтэй учир сонирхол татсан хэрэг л дээ.
Миний олж судалснаар зөвхөн Нью-Йоркийн том болон жижиг номын сангуудад Монголын нууц товчооноос эхлээд “Хубилай хааны цадиг”, “Монголын хаант төр” гээд 40 гаруй энэ цагт бичигдсэн ном байна. Харин монгол бичгээр бичсэн 20 гаруй номтой таарсан. Бас л түүх шашин чиглэлийнх. Америкт монгол бичиг мэддэг хэн байхав. Тиймээс авч уншдаг хүн байхгүй. Бичиг нь элэгдэж, бүдгэрсэн учир тайлж уншихад тун бэрх.
Ганцхан хотод судалгаа хийхэд ийм байгаа юм чинь бусад хотуудад очвол олон ном гарах нь тодорхой. Эдгээр ном, судрыг нарийвчлан судалж, дэлхийн ямар орны аль номын санд Монголын тухай өгүүлэх ямар ном байгаа тухай нэгдсэн мэдээлэл гаргавал хэрэгтэй болов уу” гэсэн юм. Боддог л бодол. Бидний тухай өгүүлэх ном бүтээлүүд дэлхийн булан бүрт энэ мэт тоосонд дарагдаад хэвтэж л байгаа. Тиймээс эдгээр номыг судалж, нэгдсэн мэдээлэл болговол ядахдаа л гадаадад амьдарч байгаа монголчууд минь хаана ч очоод эх хэл дээрээ бичигдсэн номоо унших боломж бүрдэх юм.
ТОКИОГИЙН ГАДААД СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛЬ 700 ГАРУЙ МОНГОЛ НОМТОЙ
Бичиг соёл гэдэг биднийг тусгаар тогтносон улс гэдгийг батлах хамгийн том өв билээ. Тиймээс бичиг соёлоо хайрлах, хамгаалах нь иргэн бүхний үүрэг. Гадны орон явж байхад эх орны тань тухай өгүүлэх ном харагдвал хэн ч сөхөж үзэх нь тодорхой. Токиогийн Гадаад судлын их сургуулийн профессор Х.Фүтаки “Манай сургуулийн номын санд Монголын тухай өгүүлэх олон ном, зохиол бий.
Энэ долдугаар сарын тооллогоор 700 гаруй ном тоологдсон. Тэдний дунд Хятад, Монголын хувьсгалын тухай номнууд ч харагддаг. Ховор ном судруудад судалгаа, шинжилгээ хийж байна. Тухайлбал, XX зууны үед Монгол бичгээр бичигдсэн сонин манай номын санд байдаг” гэсэн юм. Япон улс 1911 оноос Монгол хэл судлалын тэнхим байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 40 гаруй монгол багш тус сургуульд ажиллажээ. Харин Санкт-Петербург хотын номын санд 13 боть Ганжуур судар байдаг гэж ОХУ-ын монголч эрдэмтэн Владимир Успенский онцолж байсан юм.
Тэрээр “1855 онд Оросын хааны зарилгаар Дорно дахины факультетийг Казаний их сургуулиас тэр үеийн улсын нийслэл Санкт-Петербург хот руу шилжүүлсэн байдаг. Тэр үед хэрэглэгдэж байсан монгол сурвалж бичгүүд одоо ч номын санд хадгалагдаж байна” гэсэн юм. Энэ мэт бидний түүх дэлхийн өнцөг булан бүрт тараагдсан нь сайшаалтай ч эргээд тэдгээрийг судлах, нийтэд таниулах арга хэмжээ тун бага буй тухай эдгээр эрдэмтэд ярьж байсан юм. Тиймээс монгол үндэстний түүхийг гэрчилж, тусгаар тогтнолын гол бага нь болсон ном, сурвалж бичгүүдийг судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах цаг болжээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
Tsahim bolgoh nereer hamag nuutsaa hyataduudad uguud yvuulsan gee biz dee
Энэ сайдад тийм ухаан оршоогүй бололтой. Яана аа.