Санхүүгийн зохицуулах хорооноос “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6,243,016 ширхэг үнэт цаасыг тус тус бүртгэлдээ авчээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1,560,754 ширхгийг 4,800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.
“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.
Мөн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн баталжээ. Журмын шинэчлэлээр “олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг жолооч” гэж журамд хамаарагчийг тодотгосны дээр Хорооноос хуваарилсан жолоочтой гэрээ байгуулахдаа даатгагч нар нэмэлт нөхцөл шаардахгүй байх зохицуулалтыг нэмсэн байна.
Нийт хувьцааны 90.19 хувь төвлөрсөн “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн нэг бүр нь 28,800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13,038 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасжээ. Үүнтэй холбогдуулан 5-аас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289,440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болохыг эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.
Түүнчлэн “Монре даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-гийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт оруулжээ. “Капитрон банк” ХХК, “Марш брокерс” ХХК даатгалын зуучлагчийн, “Их эрин капитал” ХХК, “Орчлон автофинанс” ХХК, “Машид дэвжих” ХХК банк бус санхүүгийн зээлийн, “Арвин хишиг өргөө” ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Сонгомол финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.
“Итгэмжит” ХЗХ, “Мантаг” ХЗХ, “Өргөжих эрдэнэ хан уул” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Лидер экаунт аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэсэн байна. Хяналт шалгалтаар багагүй зөрчил илэрсэн “Субуд” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг зөрчлөө арилгатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Өсөх өндөр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Майкро кредитинвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лендс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Стандарт таваар ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгожээ.
Эх сурвалж: СЗХ