Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Америк-Хойд Солонгосын харилцааны талаар мэдэгдэл нийтэлжээ. Тэрээр Пёньяны цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад Хятад улс саад хийж байгааг дурдаад АНУ-Хятадын хооронд дэгдсэн худалдааны дайн үүнд нөлөөлж байгааг бичсэн байна. Бээжин бол Пёньяны гол худалдааны түнш, ивээн тэтгэгч учраас дарамт, шахалтад орсон Ким Жон Ун өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт тохиролцсон амлалтаа биелүүлж чадахгүй байна гэж үзэж байгаагаа Трамп илэрхийлжээ.
Гэхдээ тэр Ким Жон Унтай гайхалтай сайхан харилцаа үүсгэж чадсан тул Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс салгах ажил хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэсэн юм. Трамп одоохондоо Солонгосын хойгт байлдааны сургуулилалтыг сэргээх бодолгүй байгаа ч хэрвээ цөмийн зэвсгээс салгах үйл явцад ахиц гарахгүй бол Өмнөд Солонгос, Японтой хамтран урьд өмнө болж байгаагүй том хэмжээний сургуулилалтыг зохион байгуулна гэж бичжээ.
Өөрөөр хэлбэл Пёньяны амлалтыг биелүүлэхэд саад болсоор байвал Солонгосын хойгийн орчимд цэргийн томоохон ажиллагаа явуулна хэмээн Бээжинг сүрдүүлсэн хэрэг байлаа. Энэ долоо хоногт Хойд Солонгосын нийслэлийг дөрөв дэх удаагаа зорих гэж байсан төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг Трамп цуцалсан юм. Үүний дараа Помпео “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн салгахаар ерөнхийлөгч Трамптай Сингапурт тохиролцсон амлалтаа хэрэгжүүлэхэд бэлэн болсноо Ким Жон Ун удирдагч илэрхийлбэл бид уулзалт яриагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: AFP