Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Теранова” дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаагаар МХЕГ-аас зогсоожээ. Учир нь
өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 2-нд тус дэлгүүрийн бэлэн хувцас борлуулдаг тасгийн дүүжин тааз нурж, дөрвөн иргэн гэмтжээ. Энэ дэлгүүр нь “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийнх юм. Тухайн өдөр 12 цаг 29 минутын орчим уг брэндийн хувцасны тасгийн 15X20 хэмжээтэй дүүжин тааз нурж 3-44 насны дөрвөн хүн бэртсэн аж. Тэднийг аврах ангийн алба хаагчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж Яаралтай түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өгчээ. Гэмтэл авсан иргэд одоогоор Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байгаа аж. Осолд өртсөн иргэдийн зөөлөн эд, булчин гэмтсэн байна.
Осол гарсан шалтгаан нь дүүжин таазны жинг хэтрүүлэн олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй болсноос бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
“Номин фейшн” ХХК нь
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүлахуйн стандарт, шаардлага хангасан байна,
“Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх,
11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,… эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчсөн байна.