Үхсэний хохь, амьдын зол гэж монголчууд ярьдаг. Үүнтэй агаар нэг явдал болоод байх шиг. Учир нь өнгөрсөн хавар, зун цаг бусаар хорвоог орхисон хүүхдүүдийн амийг авч одсон ослын буруутан тогтоогдсонгүй. Тэртээ тэргүй тэд хорвоогоос одсон юм чинь яалтай билээ, санаатай хөнөөгөөгүйгээс хойш гэх хандлага шат шатанд байгаа нь харамсалтай. Ер нь гудамж, талбайд явж байгаад хүүхэд амиа алдвал өөрсдийнх нь буруу болж таарах нь. Болгоомжгүйн улмаас осол гарсан гэдэг шалтгаанаар холбогдох ямар нэг албан тушаалтанд багахан торгууль ногдуулаад өнгөрч байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш золгүйгээр амиа алдсан, гэмтсэн хүүхдүүдийн осолдсон хариуцлагыг хүлээх эзэн олдохгүй нь бололтой. Яагаад?
ӨДӨРТ ХЭДЭН ЗУУН ХҮҮХЭД ТОГЛОДОГ ПАРКИЙНХАН ОСОЛ ГАРГАСАН Ч ТОРГУУЛААД Л ӨНГӨРӨВ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомын холбоос төмөр хугарч, дөрвөн хүүхэд гэмтсэн осол өнгөрсөн зургадугаар сарын 13-нд гарсан. Уг нь осол гарахаас сар хүрэхгүйн өмнө нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийхийг тус хүрээлэнгийн удирдлагад анхааруулсан байдаг. Ийм сэрэмжлүүлэг жил бүр өгдөг гэнэ лээ. Худлаа, үнэн “гар хүрсэн” болоод мэргэжлийн хяналтынхныг аргацаах төдий засвар хийдэг байсныг нь нотолсон аятай өнөө жил хүүхдүүд тоглож байхад тэр тоглоом эвдэрсэн юм. Дөрвөн хүүхдийг амийг бараг л авч одох дөхсөн. Ослын газарт үзлэг хийсэн, тоглоомыг шалгасан хүмүүсийн хэлж буйгаар ганц тэр ч биш, бараг л бүх тоглоом нь эвдэрч мэдэх аюултай байсан гэнэ лээ.
Өдөрт зуу зуун хүүхэд очиж тоглодог, Улаанбаатарт ганцхан байдаг хүүхдийн парк улсын бүртгэлд бүртгүүлээгүй тоног төхөөрөмж ашиглаж, стандартад нийцээгүй цахилгааны холбоос, шугам хийгээд иргэдэд үйлчилж байсан гэхээр дэндүү хариуцлагагүй нь харагдах биз ээ. Бөөн бөөнөөр нь суулгаад агаарт хөөрдөг хөлөг онгоц, галзуу хулгана зэрэг тоглоом нь эвдэрсэн бол ямар аймшигтай зүйл болох байсныг төсөөлөхөд бэрх. Осолдсон дөрвөн хүүхэд бэртээд үлдсэн нь аз гэлтэй. Гэтэл холбогдох албаныхан паркийнханд бараг л хариуцлага тооцсонгүй, гуравхан сая төгрөгөөр торгоод л өнгөрөв. Хэрэв дахин тоглоом эвдэрч, хүүхэд гэмтвэл энэ жишгээр л хариуцлагаас мултрах нь.
АЛДАРТАЙ ТАМИРЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ЯВСАН ХҮҮГИЙН ҮХЭЛД СУРГУУЛИЙН ЗАХИРЛААС ӨӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮН БАЙСАНГҮЙ
Хүүхдийн паркад осол гарснаас тав хоногийн дараа буюу зургадугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн V ангийн сурагч хүү хөлбөмбөгийн талбайн хаалганд даруулж, хорвоог орхисон. Хөлбөмбөгийн ДАШТ үзэж, алдартай тамирчин болох гэгээн хүсэлтэй байсан хүү мөрөөдлөөсөө болж эндэнэ чинээ санаагүй байлгүй. Мөрөөдлөөсөө болж ч гэж дээ, хүүхдүүдээ боддоггүй, хүсэл тэмүүлэлтэй болох таатай орчин бүрдүүлж мэддэггүй төрийн холбогдох албаныхны уршгаар амиа алдсан юм.
Гэтэл энэ хэргийн буруутан нь сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнээс өөр хэн ч биш гэнэ. Уг нь БСШУС-ын сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сургууль, цэцэрлэгийн гаднах тохижилтыг сайжруулах үүрэг хүргүүлсэн байдаг юм. Ёс зүйгээ сахидаг сан бол тушаал биелүүлээгүй Засаг дарга нар, өгсөн даалгавраа эргэж шалгаагүй сайд хариуцлага хүлээх ёстой баймаар. Эл хэргийг шалгаж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхнээс тодруулахад “Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Сургуулийн захирал болон жижүүрээс мэдүүлэг авсан. Сургуулийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар сургуулийн захирал хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа өгсөн учир хэрэг бүртгэлтийг хаах том шалтгаан болж буй аж. Одоогоор түүнийг Эрүүгийн хуулийн 10.6-д “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу шалгаж байгаа гэнэ.
ЭМИЙН САНГИЙНХАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙЖ МЭДЭХ НЬ
Дээрх осол гарснаас яг долоо хоногийн дараа Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дахь “Дэлгэр” төвд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд II сургуулийн сурагч, есөн настай А найзуудтайгаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эмийн сангийн гэрэлт хаягны төмөр хүрээнд цахилгааны богино холболт үүсэж, улмаар хаалганд дамжсанаас ийм осол болсон гэдэг. Тухайн үед холбогдох албаныхан шалгалт хийгээд “Цахилгааны утас 231 вольтын гүйдэлтэй байж” гэсэн дүгнэлт гаргаж байв. Хүү хаалганд хүрсэн даруйд зүрх нь зогссон гэсэн үг.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийн буруутнаар “Дэлгэр” төвийн эзэн Т.Н-ыг тодруулсан аж. Түүнд мөн л Эрүүгийн хуулийн 10.6-д заасны дагуу хүний амийг болгоомжгүй хөнөөсөн хэмээн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм билээ.
Харин “Эко шинэс” эмийн сангийнхан хариуцлагаас мултарч мэдэх нь. Тус эмийн сан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Дэлгэр” төвийн эзэдтэй гэрээ байгуулж, талбай түрээсэлсэн байдаг. Мөн “Төмөр хаалганд хүрэхэд цахилгаан цохидог байсан, тиймээс хаалгыг хөлөөрөө нээж, хаагаад арав хоносон” хэмээн эмийн санч нь цагдаагийн байгууллагад мэдүүлж байсан удаатай. Тэр хавьд амьдардаг хүмүүс ч үүнийг баталдаг. Энэ нь хүний амийг санаатай хохироосон хэмээн шалгах үндэслэл болно гэж хуульч, өмгөөлөгчид хэлж байлаа. Гэтэл зөвхөн “Дэлгэр” төвийн эзнийг хэрэгт татах шалтгаан нь юу байв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгынхаа гадна талыг засуулахдаа цахилгааны богино холбоо үүсгэсэн гэхээс өөр зүйл холбогдох албаныхан хэлсэнгүй. Эмийн сангийнхан түрээслэгч тул тухайн объектын аюулгүй байдлыг хангуулах нь талбай түрээслүүлэгчийн үүрэг гэнэ. Эмийн сангийнхан зургадугаар сард гэрэлт хаяг хийлгэхдээ алдаа гаргасан, эсэхийг шалгасан талаар лавласан ч мэдээлэл өгсөнгүй. “Дэлгэр” төвийн эзэнд хариуцлага тооцох нь зөв ч, энэ мэт дур мэдэн цахилгаан залгадаг байгууллагуудыг зүгээр өнгөрөөгөөд байж боломгүй санагдана.
ЭХЯ-НЫХАН ХҮҮХЭД ЭНДСЭН ОСЛЫН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖ ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭВ ҮҮ
Долоо, долоо хоногийн зайтай гарсан, хүүхэд эндсэн ослын улмаас дүүрэг, нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн аюулгүй байдлыг хангуулах ажил зургадугаар сарын 20-ноос өрнөсөн. Ингээд нэг сар ч болоогүй байхад Налайх дүүрэгт дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулж, хорвоог орхисон билээ. Тодруулбал, Налайх дүүргийн VI хорооны нутаг дахь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяанд байсан “Болор” хэмээх амралтын газарт эл хэрэг гарсан.
Аадар орсны улмаас цахилгааны шонгийн модон тулгуур унасан гэдэг. Салхи, бороо намжсаны дараа түүнийг тойрон дугуйтай явж байсан хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан гэсэн үг. Тухайн үед Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албаныхан “Амралтын газрынхан ажилчдынхаа байр руу цахилгаан оруулахаар татсан тулгуур 15 шонгийн найм дахь нь унасан. Ослын дуудлага аваад очиход хүчдэл нь газардуулгагүй байсан. Осол гарсан газар буюу Тэрэлжийн Зүүнсалаа гэх газар салхи нэлээд ширүүссэн тул тулгуур шон унасан бололтой” гэж байв.
Эл хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй. Гэвч одоо хэр нь мөрдөн байцаалтаа эхлүүлээгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн хохирогчийн үхлийн шалтгааныг хэдийнэ тогтоосон гэнэ. Гэтэл Эрчим хүчний яам (ЭХЯ)- ныхан дүгнэлтээ өнөө болтол гаргаж өгөөгүй аж. Харьяа Цагдаагийн хэлтэс нь осол гарсны дараа тус амралтын газрынханд цахилгааны утас татах зөвшөөрөл хэн өгсөн, тулгуурын аюулгүй байдлыг хамгийн сүүлд хэзээ шалгасныг тодруулахаар ЭХЯ-ныханд ханджээ. Уг нь ийм шалгалтыг 14 хоногт багтааж хийх хуулийн хугацаатай юм билээ. Харамсалтай нь, хариуцагч нь тодорхойгүй байгаа болохоор хэргийн шалгалт хойшилсоор байна.
Бусдын хэнэггүй байдал, ажилдаа хайнга хандсаны гороор хорвоог орхисон хүүхдүүдийн амийг хэнээс нэхэх вэ. Дахин ийм осол гарч, хүн эндэхгүй байх баталгааг хаанаас авах вэ. Дээрх цөөн хэдэн хэргийн шалгалтын явцаас харахад манайд хариуцлага гээч юм аль ч шатанд алга. Иргэдэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа үгүй боллоо. Буруугаа ухамсарлаж, алдаагаа залруулахаар хичээж буй албан тушаалтан байхгүй нь.
Эх сурвалж:
1 comment
МАНАН-ГИЙННХАН ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ ШИЙТГЭХ ВЭ ДЭЭ.ХҮН АЛААД СУРЧИХСАН НАМ ШҮҮ ДЭЭ.