Сүүлийн гурван жилийн дотор 300 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж амь насаа алджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр амь насаа алдсан хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрэм, хүчингийн хэргийн хохирогч болсон байна. Мөн энэ оны эхний хагас жилд боловсролын байгууллагынхан хүүхдийн эрх зөрчсөн тухай 784 дуудлага бүртгэсэний 310-ыг нь хүүхэд хамгааллын ажилтнууд хяналтдаа авсан гэнэ. Үүний ихэнх нь багшийн харилцаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цэцэрлэгийн бүртгэл, үндэслэлгүйгээр мөнгө хураасантай холбоотой байжээ.
Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан “Сурч боловсрох эрх” дугуй ширээний уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Боловсролын бодлогын зөвлөлийн гишүүн Р.Булгамаа “Бүх нийтэд ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт хангалтгүй хэрэгжиж байна” гэв. Тэрбээр “Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 798 сургууль үйл ажиллагаа явуулсны 652 нь төрийн өмчийнх.Төрөөс адилхан хувьсах зардал авдаг хувийн хэвшлийн сургуулийн сургалтын төлбөр нэг жилд 10 сая төгрөг давжээ. Ийм өндөр төлбөртэй сургуульд төрөөс яагаад хяналт тавихгүй байна вэ. Мөн 1416 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буйгаас 540 гаруй нь хувийн хэвшлийнх. Цэцэрлэгт сугалаагаар хүүхэд бүртгэж байгаа нь сурч боловсрох эрхийг хязгаарлаж буй хэлбэр. Сугалаагаар хасагдсан хүүхдүүд төлбөртэй цэцэрлэгт орох хандлага ажиглагддаг” хэмээсэн юм.