УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 1-н буюу Бямба гарагийн өглөө Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг 13:00 цагаас зохион байгуулах болсныг өнөөдөр салбарын сайд мэдээллээ. Энэ хичээлийн жилийг “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байхаар үндсэн зорилгыг дэвшүүлжээ.
Энэ зорилгоо хангахад сургууль, цэцэрлэг, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ямар зорилго тавьж ажиллахыг тодорхойлж өгсөн талаар өнөөдөр тус яамнаас мэдээлсэн юм. Дээрх зорилгын хүрээнд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэн, хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг уриаллаа.
Мөн нэгдүгээр ангид хүүхэд нь шинээр элсэж байгаа эцэг, эхчүүдэд зөвлөмж болгож “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72,000 хувь хэвлүүлж есдүгээр сарын 1-нд тараахаар болжээ.