Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд оролцохоор ирсэн доктор, профессоруудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн 10 дахь удаагийн олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буйд талархал илэрхийлээд хурлын цар хүрээ жил ирэх бүр өргөжин тэлж байгаа талаар Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.
Энэ жилийн Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ зэрэг улсаас хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлдэг доктор, профессорууд ирж оролцож байгаа юм. Мөн олон улсын хурлын үеэр Хавдар судлалын үндэсний төвд Монгол-Солонгосын хамтарсан баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, энэ нь Хавдар судлалын үндэсий төв тав дахь удаагаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тохиолдол болжээ.
Түүнчлэн хамтарсан багууд дурангийн аргаар элэг тайрах мэс заслыг амжилттай хийж, мэс заслыг шууд дамжуулснаар элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний орчин үеийн чиг хандлагын томоохон практик болсон байна. Үүнээс гадна олон улсын хуралд оролцож буй эмч нарын илтгэлийг сонсохын тулд 500 ам.доллараас дээш хураамж төлдөг бол Улаанбаатар хотод болсон олон улсын хуралд аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч, хавдар судлаач эмч, хавдрын сувилагч, хавдар бүртгэгч, гепатологи, дотрын эмч нар оролцож, салбартаа тэргүүлдэг доктор, профессоруудын илтгэлийг үнэгүй сонсох боломж олдсон аж.
Мөн уригдан ирсэн доктор, профессоруудыг төлөөлөн Токиогийн Эрэгтэйчүүдийн анагаах ухааны сургуулийн гастроэнтерологийн тэнхмийн Мэс заслын тасгийн доктор Масаказү Ямамато Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад хавдрын өвчлөл нь томоохон асуудал болж байгаа хэдий ч хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал болж, эмч, мэргэжилтнүүдийн чадвар нь жил ирэх бүр ахиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмч нарыг сургаж, дадлагажуулахад цаашид улам бүр анхаараасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлээд, иргэд маань эрүүл мэнддээ нэн тэргүүнд санаа тавих хэмжээний орлоготой болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй явдгаа хэлж, эмч нарын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Түүнчлэн дараа, дараагийн жилүүдэд болох Япон-Монголын хамтарсан олон улсын хуралд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж, хавдар, хавдарын эмчилгээ, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, илэн далангүй ярилцсан юм.