Найр, наадам, урин дулааны цаг дуусаж, хүйтэн сэрүүний улирал хаяанд ирлээ. Жилийн жилд есдүгээр сартай уралдан бэлтгэл ажил нь арай гэж шувтардаг дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэл, эрчим хүчний салбарынхны өвөлжилтийн бэлтгэл энэ онд хугацаандаа дуусахгүй нь. Тус салбарынхан энэ жил өвлийн бэлтгэлээ бүрэн хангахаар 1938 нэр, төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Тэдгээрээс одоогоор их засварын 468, гадаадын хөрөнгө оруулалтаар 367, техникийн шинэчлэлийн 150, нийт 985 ажил нугалсан гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлэв.
Өвлийн бэлтгэлээ хангахаар бүх байгууллага эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй боловч өдий хүртэл бэлтгэлээ бүрэн базаачихаад нүүр бардам сууж буй аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллага улсын хэмжээнд нэг ч алга. Урин дулааны гурван сар шувтарч байхад дөнгөж 50-60 хувьтай хангасан өвлийн бэлтгэл ажил сар хүрэхгүй хугацааны дараа бүрэн дуусах, эсэх нь эргэлзээтэй.
Улсын хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот өвөлдөө хэрхэн бэлдсэнийг онцлон сурвалжилсан юм. Дээр дурдсан 1938 нэр төрлийн ажлаас 1104 нь Улаанбаатар хотод хамаарч байна. Одоогоор үүний 65.5 хувь буюу 724-ийг нь бүрэн хийж дуусгасан гэнэ. Тэдгээрийн дотроос дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил төлөвлөгөөт хугацаанаасаа багадаа 2-5 хоног хоцорч байгаа аж.
Холбогдох байгууллагын мэргэжилтнүүд үүний шалтгааныг цаг агаар руу чихсэн. Сүүлийн сард бороо нэлээд орсноос болсон хэмээж буй юм. Үүнээс гадна санхүүжилтээс болсон гэж бас тайлбарлаж байна. Жишээлбэл, энэ онд Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Харуул Алтай” хотхон, Улаанхуаран, XVI хороолол, Офицеруудын ордон орчмын нийт 4112 метр урт шугамыг өргөтгөн, шинэчлэх болж, ажлыг нь тавдугаар сарын 15-нд эхлүүлжээ.
Уг нь төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 15-нд дуусгах ёстой байсан ч уг ажил өдий хүртэл шувтраагүй л байна. Гол шалтгаан нь тус ажлын санхүүжилтийг оройтож шийдсэнтэй холбоотой гэнэ. Дээр нь өнгөрсөн зуны их борооны улмаас үер бууж, шугамыг бүрсэн хамгаалалтын цементийг хатахаас нь өмнө сүйтгэчихээд байжээ. Тиймээс л хугацаанд нь дуусгаж чадалгүй, сунжраад буй гэх. Иргэд ая тухтай өвөлжих нөхцөл боломжоор хангах үүднээс ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байгааг мэргэжилтнүүд дуулгасан авч, санхүүжилт шийдэгдэхгүй бол хэчнээн сэтгэл гаргаад ч ажил дуусахгүй гэдгийг онцолсон. Одоогоор санхүүжилт 45.21, ажлын гүйцэтгэл 63.6 хувьтай байгаа аж.
Нийслэлчүүдийн дулааны гол эх үүсвэр болох дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай буй гэнэ.
Хүйтний улиралд хамгийн том асуудал болдог зүйл нь утаа. Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоонбуудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төсөл эхлүүлээд буй.
Уг нь энэ жилийн утааны улирал эхлэхээс өмнө дэд төвүүдийн ажлыг цэгцэлчихвэл нэлээд олон айл яндангаасаа салж, төвийн шугамд холбогдох ёстой юм билээ. Баянхошуу дэд төв л гэхэд Сонгинохайрхан дүүргийн X хороо, Жанцангийн урд хэсэгт байрлах юм. Гэсэн ч энэ ажил бас л өвлөөс өмнө амжихгүй нь. Төслийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулах юм байна.
Мөн тус төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес инкубатор төв, дулааны станц, усан сан, авто зам болон үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвд 25.2 мВт, Баянхошууны дэд төвд 16.8 мВт хүчин чадалтай станц барих тооцоо бий. Одоогоор дэд төв барих ажлын хүрээнд 2800 метр урт шугам угсрах ажил эхлээд байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх зэрэг таван дүүргийн 23 хорооны 21 362 өрхийг дөрвөн кВт-ийн хүчин чадалтай халаагуур ашиглуулах техникийн боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн 30 багц ажлыг энэ оны зургадугаар сард амжуулж дуусгасан гэнэ. Цаашлаад Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 23 хорооны гэр хорооллын 20 602 айл тус бүр дөрвөн кВт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх 26 багц ажил эхлүүлсэн аж. Эл ажил өвлөөс өмнө дуусах, эсэх нь эргэлзээтэй, холбогдох албаныхан мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Утаа их гаргадаг, нам даралтын 125 зуухны ажиллагааг зогсоож, тухайн хэсгийнх нь айл өрх, албан байгууллагуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил өвлийн бэлтгэлийн хүрээнд мөн өрнөж буй. Үүнд Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Яармаг орчмын 34, 63 дугаар сургууль, XII цэцэрлэг, мөн тус дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн төв, IV хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсгийн барилга хамрагджээ.
Энэ байгууллагууд бага, дунд чадлын халаалтын 45 зуух хэрэглэж байсан бөгөөд бүгдийг нь зогсоожээ. Хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбосон гэнэ. Одоогоор “Москва”, III, IV хороолол, Баянзүрх дүүргийн V, XXII хороонд байрлах Маахуур толгой, Цайз зах орчмын 68 халаах зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй аж. Эдгээр ажлыг бүрэн дуусгаж чадвал улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны ес гээд нийт 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох юм билээ.
Зун бороо их орсны адил өвөл их цас унаж, нийслэлийн гудамж, авто зам мөсөн гулгуурын талбай болохдоо тулбал яах вэ. Үүнээс сэргийлэх ажил хийж буй, эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодрууллаа. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэхийн тулд энэ өвлийн бэлтгэл ажилд 352.5 сая төгрөг төсөвлөж, нийт 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй гэнэ лээ. Энэ нь өвөл хүрэлцэх, эсэхийг хүлээх л үлдэв.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин