80 нас гэдэг өтөл нас. Хүн болгон 80 настныг таяг тулсан, буурал толгойтой, өвчин зовлон ярьсан өвөө, эмээ нараар төсөөлдөг нь ч бодит үнэн. Гэвч арлын Японы иргэн, өдгөө 81 настай Тошисукигийн хувьд тийм биш аж. Одоогоос 57 жилийн өмнө архи дарс эргүүлж, тамхийг байнга татдаг байсан Тошисуки амьдралаа өөрчлөхөөр шийдэж, бүх муу зуршлаасаа салж, бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ.
Түүнийг ийнхүү гэв гэнэт амьдралаа өөрчлөхөөр шийдэхэд нь ямар нэгэн гаднын нөлөө огт байгаагүй гэнэ. Тухайн үед 34 настай байсан япон залуу маань зүгээр л өөрийн эрүүл мэнд, ирээдүйдээ анхаарал тавихыг хүссэн учраас ийнхүү өдөр алгасалгүй дасгал сургуулилт хийж эхэлсэн байна. Эхэндээ Тошисуки өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг байж. Харин нас явж эхэлснээр ачааллаа хоёр дахин багасгаж, одоо өдөрт гурван цаг бодибилдингийн бэлтгэл хийдэг болжээ.
Үр дүнд нь тэрний зургийг харсан хэн ч түүнийг 81 настай гэхэд итгэмгүй. “Та үргэлжлүүлээд энэ хүнд спортын төрлөөр хичээллээд л байх хэрэг үү” хэмээн асуусан сурвалжлагчийн асуултанд 80 настан маань “Би дор хаяж 85 хүрч байж бялдаржуулах спортыг орхивол орхино. Тэрнээс нааш дасгал сургуулилтаасаа татгалзах ямар ч бодол миний толгойд алга. Хөгшин настай хүн гэхээрээ булчинлаг биетэй байж болохгүй хэрэг үү” хэмээн хариулжээ.
Feedytv.com цахим телевизийн гэрэл зурагчин Тошисуки өвөөг ахмад настнуудын бодибилдингийн тэмцээнд оролцож, 40, 50 настнуудтай ана мана өрсөлдөж байх үеэр нь дараахь зургуудыг авчээ. Нас бол зүгээр л тоо гэдэг үг оргүй хоосон үг биш аж. Түүнээс ярилцлага авсан нэгэн сурвалжлагч “Тошисуки гуайгаас одооны 20, 30 настай зарим залуус ичих хэрэгтэй” хэмээн бичсэнийг төгсгөлд нь дурьдах хэрэгтэй болов уу.
1 comment
baliariin