[starbox]
Зөвхөн барууны кинонд гардаг цагаан тахал буюу хар тамхи хэдийнэ хаалга тогшиж хойморт заларчээ. Ингэхдээ бидний ирээдүй хойч үе болох хүүхэд залуустай “нөхөрлөж” байгаа нь түгшүүр төрүүлж байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө энэ хэрэгт зөвхөн урлаг соёлын одод, томчуулын хүүхэд холбогдож, жилд 20 гаруй хүн шалгагддаг байсан бол өнөөдөр хүрээгээ нэгэнт тэлж, энэ хэргээр шалгагдсан хүний тоо мөн үеэс өссөн байх юм.
Судалгаагаар өсвөр насныхны 9.7 хувь нь мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгааг тогтоосон бол хоёр сурагч тутмын нэг нь 14 наснаас доош насандаа анх хэрэглэж үзсэн хэмээн судалгааны асуултад хариулсан байна. Хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг 25-35 насныхан эзэлж байгаа аж. Цагдаагийн газар 2014 онд мансууруулах бодистой холбоотой 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан бол 2015 онд 79 хэрэгт 168 хүнийг шалгасан байна. Энэ тоо өнгөрсөн жил 224 хүн болтолоо нэмэгдэж 109 хэрэг холбогдсон нь энэ тоо цаашид жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийнхан анхааруулж байна.
Өнөөдөр саваагүй зангаасаа болоод хар тамхи хэрэглэн өөрийн эрүүл мэнд, амьдралаараа тоглосон хүүхэд залуус бидний дунд алхаж явна. Зарим нь “аавын хаалга” татсан. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн олж авсан хадгалсан зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг байна. Хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар энэ хэргийг давтан буюу бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг эсүл их хэмжээтээгээр түүнчлэн албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн бол 10-аас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
Ирээдүйд аав ээж болж нийгмийг авч явах ёстой залуус түрхэн зуурын зугаа цэнгэл хөөж, нэгийгээ дууриаснаас болж сэтгэцийн өөрчлөлттэй, унаж татдаг, элэгний өвчлөлтэй, бэлгийн замын халдварт өвчтэй болж байгаад анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар хар тамхи хэрэглэсэн хүнд эрүүл эрхтэн үлддэгүй гэнэ. Хамгийн эхэнд нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт орж, сэтгэцийн өөрчлөлтөд оруулснаар бие хар тамхинаас бүрэн хамааралтай болдог аж. Ингэснээр уналт, таталт өгөх, амьсгалын зам боогдох мөн энгийн үедээ ч тэнцвэрээ алдаж согтуу хүн шиг гуйвж дайвдаг болох нь бий. Түүнчлэн элэг хар тамхины хүчтэй бодисыг цэвэршүүлж дийлэхгүй учраас хорт хавдар, церозд хүргэдэг байна. Мөн зүрхний шигдээс болох шууд хаагдах аюултай.
Хар тамхи, мансууруулах төрлийн бодис энэ мэтчилэн олон сөрөг үр дагаваруудыг араасаа дагуулдаг аж. Үүнээс гадна мансуурч, биеэ авч явах чадваргүй болсны уршигаар хамгаалалтгүй бэлгийн хавьтал ДОХ тусахад нөлөөлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Энэ бүгд мансууруулах бодисын “үр дүн”. Цагдаагийн байгууллага эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж ийнхүү хүүхэд залуус хар тамхины нөлөөнд автаж байгааг анхааруулж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулснаар энэ хэрэгтэй тэмцэх эхний алхам болж буй юм. Мөн олон улсын жишгээр төрийн бус байгууллагын оролцоо, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилласнаар урьдчилан сэргийлэх эхлэл тавигдах аж.