Арав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “МММ”-ийн Хүрээлэнгийн Ерөнхий менежер Н.Энхтуяатай ярилцлаа.
Тус хамт олон “50 ЧУХАЛ ХҮН” номыг наадмын өмнөхөн хэвлүүлсэн нь эрэлт хэрэгцээ өндөртэй байна.
-МММ-ийн Хүрээлэн “50 Чухал хүн” номыг эрхлэн гаргаж, наадмын өмнө нээлт хийсэн. Энэхүү номыг ямар зорилготой эрхлэн гаргасан бэ?
-Наадмын өмнөхөн “50 Чухал хүн” ном, “Ням ном” хэвлэлийн газрын нээлт хийсэн. “Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ пи-ар, реклам сурталчилгаа, арга хэмжээ, үзэсгэлэн яармаг зохион байгуулах чиглэлээр олон ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ туршлагадаа үндэслээд хүмүүсийн ололт амжилтын түүхийг нийгэмд таниулсан ном хэвлэн нийтэд сурталчлах ажлыг 2018 оны хавраас санаачлан эхлүүлж, богино хугацаанд дуусгаж чадлаа.
Бидний судалгаагаар бизнесийн онол, дадлагын тухай ойлголтоо нэмэгдүүлэх сонирхолтой уншигчийн тоо маш их байна. Дэлхийн олон орны зохиолчдын бичсэн ийм төрлийн номуудын эрэлт хэрэгцээ өндөрссөн. Энэ орон зайг бид тодорхой хэмжээгээр нөхөж чадлаа гэж бид ойлгож байгаа.
-Гэтэл “50 Чухал хүн” номонд бизнесменүүдээс гадна цөөн улс төрчийн хөрөг, ярилцлага байгаа харагдсан?
-Мэдээж, “ЧУХАЛ” гэдэг үг олон утга илэрхийлнэ. Бизнесменүүдийн тухайд ихэнх нь анхдагчид. Анхны ерөнхийлөгч, Ардчиллын анхдагч, парламентад хамгийн олон сонгогдсон төрийн түшээ, орон нутгийн төлөөлөл болох төрийн албан хаагч, яг энэ цаг үед нийслэл хотын засаг дарга хийж яваа чухал албан тушаалтан гэх мэтчилэн энд урьж сэдэв ярих тодорхой шалтгаантай хүмүүсийн хөрөг ярилцлага багтсан байгаа. Бизнесменүүдийн хувьд шууд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний, намтар түүх ихтэй, өнөөдрийг хүртэл бүх бэрхшээлийг даван туулсан баялаг бүтээгчдийн тухай өгүүлсэн.
-Өмнө нь хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй хүмүүсийг олох хэцүү байсан уу?
-Энэ номыг бүтээх нь нийгэмд ямар ашиг тустайг оролцогчдод ойлгуулах явдал бидний гол зорилго байлаа. Нөгөөтэйгүүр манай менежерүүд харилцааны ур чадварыг тодорхой түвшинд, сайн эзэмшсэн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Тэдний маань мэрийлт, тууштай байдал үүнд хамгийн их нөлөөлсөн.
Энэхүү номонд “Зааг групп” ХХК-ийн захирал А.Амартүвшин, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Цолмон трэвел” ХХК-ийн захирал М.Навчаа, Монголын морин циркийг дэлхийд сурталчлан таниулж яваа Д.Ариунболд, “Алтан жолоо” группийн ерөнхийлөгч В.Энхбаатар, “Kitchen all” ХХК-ийн захирал С.Оюун, “Хасу Мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш, “Гурван марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөр, “Номин Холдинг” ХХК-г үүсгэн байгуулагч А.Шагдарсүрэн, “Гялс” төвийн захирал Н.Наранбат, “Айртранс” ХХК-ийн захирал Т.Чулуунхүү, “Омбол” ХХК-ийн захирал Б:Мөнхдэлгэр, “Жигүүр гранд” группийг үүсгэн байгуулагч Д.Баттөр, “Алко” группийн захирал Т.Батсайхан, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн, “Сэрүүлэг” сониныг үүсгэн байгуулагч С.Баярмөнх, “Ханбогд хурд” ХХК-ийн захирал Б.Наранбаатар, “Нэткапитал” ББСБ-ын захирал Д.Сүндий нар бол салбар салбартаа анхдагчид.
Хайрын хуримын Ууганаа, Хадлан дээлний Хонгороо гээд бизнес контент нь овог шахуу болчихсон шинэ үеийн хүчирхэг төлөөллүүд байна. Хүн бүхний амжилтын түүх өөр, амьдралын зураг ч ондоо. Эдгээр хүмүүсийн тухай уншихад ямартаа ч бэрхшээлгүй зүйл гэж үгүй, түүнийг хэрхэн даван туулах нь хувь хүний тэсвэр тэвчээрээс шалтгаалдаг болохыг өгүүлэх юм.
“Шилмэл загвар” ХХК-ийн Ч.Оюунцэцэг, “Дээдсийн үсчин” Д.Одонгоо, ая зохиогч Л.Балхжав нарын хөрөг, ярилцлага ороод ирэхээр чөлөөт зах зээлд хөлөө олох гэж тэмүүлсэн Монголчуудын нийтлэг дүр төрхөөс гадна шоу ертөнцийн сонирхолтой үйл явдлууд дүрслэгдэж байгаа юм. Ерээд оны эхэн үе ингээд хүн бүрийн ярианд дурьдагдахаар тухайн цаг үеийн онцлог шинж тодроод маш сонирхолтой.
Ийм мундаг хүмүүсээр ярилцлага өгөхийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Далай лам “Өөрийнхөө хийж бүтээдэг зүйлсийн хүнд хэцүүг хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай” гэж сургасан байдаг шүү дээ. Урлаг соёл, спортын алдартнууд ч энэ номонд багтсан байгаа. Манайхан “хэрхэн хурдан баяжих вэ, мөнгийг хэрхэн даллан дуудах вэ” гэсэн хий хоосон мөрөөдөлд умбуулсан ном товхимол их уншдаг. Эдгээр хүмүүс бол зах зээлийн эдийн засагт шилжсэн монголыг ийм богино хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгдөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Танай номын зочин манай ангийн “хүүхэд” байна шүү дээ. Энэ хүн яаж амьдраад, би яаж яваад байгаа юм бэ” гэх хүнтэй ч таарсан.
“50 Чухал хүн” номын зочин бүрийн ярилцлага хэрхэн амжилтанд хүрсэн бодит түүх юм. Уран бүтээлч хүмүүсийн хувьд хүн тус бүр маш сонирхолтой судлагдахуун. Гэр бүлийн суурь хүмүүжил, өссөн орчин, төгссөн сургууль, анхны алхам тэр ч бүү хэл найз нөхөд хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийн бодит жишээ энэ. Мөн залууст хандаж хэлэхэд шинэ цагийн монгол хүмүүст бүх зах зээл нээлттэй хэвээр байна.
Та сэтгэж, бүтээж, тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрнэ гэдгийг эндээс олж унших болно. Арван жилийн ахлах ангийн сурагчдад ийм бодит түүхийг эртнээс таниулж, уншуулж сургаваас мэргэжлээ сонгоход нь хүртэл нөлөөлөх магадлалтай юм билээ.
-Та бүхэн эхний номын нээлтээ хийгээгүй байхдаа “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг эрхлэн гаргах болсон тухайгаа зарласан. Энэ ном өмнөхөөсөө ялгаатай юу?
-Өмнөхөөсөө ялгаагүй. Мөн л бодит хүмүүсийн амжилтын “ил товчоон” шүү дээ. Сэдвийн хувьд өмнөхөөсөө ч илүү өргөн цар хүрээтэй хийгдэж байгаагаараа онцлогтой. “Монголыг өөрчлөх хүмүүс” номын зочид нээлтийн үеэр саналаа нэгтгээд хууль батлагчдад өргөн барих юм.
-Хэвлэлтийн чанар тун сайн санагдсан. Номонд олон сэтгүүлч ажилласан байна лээ. Энэ нь та бүгдийн ажил шуурхай явагдахад нөлөөлдөг үү?
-Мэргэжлээрээ олон жил ажилласан хорь орчим сэтгүүлч, менежерүүд ажилласан. Багийн хөдөлмөр учраас оролцогчдод ч урамтай, хүлээлт үүсгээд байхгүй. “50 Чухал хүн” ном маань 53 хэвлэлийн хуудас буюу 420 хуудастай, хатуу хавтас, арьсан бүрэлттэйгээр Монголдоо л хэвлэлийн хамгийн сүүлийн үеийн технологиор хэвлэгдэн гарлаа. “Монголыг өөрчлөх хүн” ном маань ч адилхан чанарын өндөр түвшинд хэвлэгдэнэ.
-МММ-ийн Хүрээлэн энэ жил өөр ямар төслүүд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бэ?
-Есдүгээр сараас ажил жигдрэхээр төрөл бүрийн сургалтууд зохион байгуулна. Үүнийг тухайн үед зарлах нь зөв байх.
Э.Содонбаяр